Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин, анги дэвших тутам буурч байна. Мөн эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур гарсан
Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа 2018”-ыг зохион байгуулж дүнг гаргасан юм. Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлийн 7-12 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулжээ. Уг судалгааны талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах Д.Жаргалангаас тодруулсан юм.
Хүүхдийн шударга байдлын түвшинг 1-5 хүртэлх оноогоор үнэлсэн бөгөөд уг үзүүлэлтийн утга 1-д ойртох тусам шударга бус, 5-д ойртох тусам шударга гэж ойлгоно.
-Энэ жилийн судалгааны тайлан өмнөх жилүүдийнхээс хэр ялгаатай гарсан бэ?
-Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин, анги дэвших тутам буурч байна. Мөн эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур гарсан. Энэ нь эрэгтэй хүүхэд шударга бус байна гэж ойлгож болохгүй бөгөөд хэнэггүй зантай нь холбож ойлгож болно. Түүнчлэн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байгаа юм. Тодруулбал, 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан үзүүлэлттэй байна.
Энэ жил анх удаа сургуулийн өмчийн хэлбэрээр буюу төрийн өмчийн болон хувийн сургуулийн сурагчдын шударга байдлын түвшинг үзэхэд төрийн өмчийн сургуулийн түвшин 3.96, хувийн хэвшлийн сургуулийн түвшин 3.81 гарсан. Гэхдээ хувийн хэвшлийн сургуулийн сурагчид шударга биш байна ойлгож болохгүй. Яагаад өөр түвшин гарсан талаар бид судлах болно.
-Судалгааны асуулгын хувьд ямар агуулгатай байсан бэ. Уг асуулгын хариултыг хүүхдүүд хэрхэн дүгнэсэн бол?
-Урт дараалалд зогсохын оронд урдуур нь дайран тасалбар авах нь шударга зүйл гэдэгтээ та санал нийлж байна уу?, Багшдаа бэлэг өгөх нь дүнгээ ахиулах шилдэг арга гэдэгт санал нийлэх үү? зэрэг 12 асуулга асуусан байгаа. Шударга байх талаар гэрийнхэн нь байнга ярилцдаг хүүхдийн шударга байдлын түвшин 4.07, энэ талаар хэзээ ч ярилцдаггүй хүүхдийн шударга байдлын түвшин 3.68 гарсан. Тэгэхлээр эцэг, эх сурган хүмүүжүүлэгч нар аль болох бага наснаас нь ёс зүйн суртахууны хэм хэмжээ, нийгмээрээ дагаж мөрдөж байгаа шударга зүйлс, шударга бус зүйлстэй тулгарсан бол яах талаар ярилцаж байхыг зөвлөж байна.
-Эцэг, эхчүүд сурган хүмүүжүүлэгч нарын гол алдаа юун дээр байна вэ?
-Судалгаанаас харахад шударга хандсаныхаа төлөө магтуулдаг хүүхдүүд илүү өндөр оноотой гарсан. Харин эцэг, эх нь шударга байсных нь төлөө зэмлэн, загнасан бол шударга байх явдал нь багасаж байгаа юм. Гэтэл гэрийнхэн нь шударга бус зүйл хийснийг нь мэдээд зэмлэсэн хүүхдүүдийн үзүүлэлт өндөр гарсан. Судалгаанаас харахад эцэг, эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлдэг бол шударга байдлын түвшин өндөр байгаа юм. Гэтэл зөв, бурууг нь хэн нэгэн шүүдэггүй тохиолдолд хүүхдүүд шударга бус хандах магадлал өндөр байна.