Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) ажиллажээ.
Тэрээр 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.
Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон бөгөөд сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулжээ. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн байна.
2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өсчээ. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн сонгуулийн төсвийг 20.1 тэрбум болгож нэмсэн байна. Үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм байна.