Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ.
Улмаар Ч.Сайханбилэгийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан ч удалгүй хилийн хориг тавьж батлан даалтад гаргасан. Түүнд холбогдох дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан байна. Тус шүүхээс Ч.Сайханбилэгийн хүсэлтийг хүлээн авч, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр хилийн хориг нь цуцлагдсан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьжээ.
М.Мөнх
"Үндэсний шуудан" сонин