Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабет амьтны үсэн эдлэл дахин худалдаж авахаас татгалзжээ. Ингэснээр түүнийг хааны удмын гэр бүл дотроос амьтны үснээс татгалзаж буйгаа олон нийтэд зарласан анхны хүн боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна.
93 настай хатан хаан дахин амьтны үсэн эдлэлийг хувцасны шүүгээндээ нэмэхгүй ч хуучин байсан гангараануудаасаа татгалзахгүй хэмээн эх сурвалжид дурджээ. Гэхдээ энэ жилийн хүйтэн улирлуудад дулаахан байхын тулд жинхэнэ биш хиймэл үсэн гоёлуудыг өмсөх аж.
Амьтны эрхийг хамгаалагчид хатан хааны шийдвэрийг эергээр хүлээж авсан ч түүнийг төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд амьтны үс ашиглахгүй байхыг уриалж, шийдвэрээ илүү өргөн далайцтай түвшинд хэрэгжүүлэхийг хүссэн байна. Эрхэм дээдэс, язгууртнууд эрхэмсэг тансаг байдлаа харуулахын тулд амьтны үсэн эдлэлийг хэрэглэсээр ирсэн нь шүүмжлэлд өртсөөр байдаг.
Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон ханхүү Уильямтай гэрлэснээс хойш хэд хэдэн удаа амьтны үсэн эдлэлээр гангарсан зураг байдаг бол Сассексын гүнгийн авхай Меган Мэркл хатан хааны удамд бүл нэмснээс хойш нэг ч удаа амьтны үсэн эдлэлтэйгээр зургаа авахуулаагүй байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk