АНУ-ын Калифорни мужийн цагдаагийн газар хорих газарт нүх ухаж, ухсан нүхээрээ оргосон хүн амины гэмт хэрэгийн сэжигтнүүдийг эрэн сурвалжилж буй талаар мэдээлжээ. Ингэхдээ сэжигтнүүдийн оргосон нүхний зургуудыг олон нийтэд дэлгэн харуулсан байна.
Хүн амины гэмт хэргийн сэжигтэн 21 настай Сантос Самуэл Фонсека, 20 настай Жонатан Салазар нар хорих газрын ариун цэврийн өрөөний таазанд 55 см-ын өргөнтэй нүх ухаж түүгээр мөлхөн зугтжээ. Сан Францискогийн урагшаа байдаг Салинас хот дахь хорих газраас шүүх хурлаа хүлээж байсан оргодлууд өнгөрсөн ням гарагт оргосон байна.
Цагдаа нарын үзэж байгаагаар оргодлууд нүднээс далдуур, харуулуудад мэдэгдэлгүй нүхийг богино хугацаанд ухжээ. Тэд зэвсэгтэй явж байж болзошгүй төдийгүй онц аюултай гэж үзсэн тул ард иргэдийг сэрэмжлүүлж, эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Сэжигтнүүдийн байрлалын талаар мэдээлэл өгсөн хүнд 5,000 ам.долларын шан харамж амлажээ.
Эх сурвалж: www.bbc.com