Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюул учруулж буйг бүгд мэдэх ч түүний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгааг 16 настай Шведийн тэмцэгч Грета Тунберг шүүмжилж, улс орнуудын удирдагчдыг ширүүхэн загнасан билээ.
Тэгвэл энэ удаад 153 орны 11,000 гаруй судлаач нэгдэж цаг уурын өөрчлөлт онц байдал зарлах, гамшгийн түвшинд хүрснийг харуулах чухал судалгаа хийж санал нэгджээ. Тэд хүн төрөлхтөн яг одооноос өөрчлөлт хийхгүй бол хэлж боломгүй хүнд зовлон, гачланд унах болно гэдгийг анхаарууллаа.
2017 онд дэлхийн 184 орны 16,000 эрдэмтэн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг уриалан нэгдэж, судалгааны материалыг хэвлэн захидал илгээж байсан удаатай.
BioScience шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснээр хүн төрөлхтөн та бидний үнэтэй, тансаг хэрэглээ цаг уурын хямралыг үүсгэж байна хэмээн 150 гаруй орны эрдэмтэд үзэж байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээ хэлэлцээр байгуулахаар Засгийн газрууд ажиллаж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ онцын өөрчлөлт гарахгүй байгааг эрдэмтэд Гретагийн адил шүүмжлэн буруутгажээ.
Эрдэмтэд хэрэв дэлхий нийтээрээ ирж болзошгүй аюулт гамшгаас сэргийлэхийг хүсч байвал дагаж мөрдөх, өөрчлөлт хийх зургаан саналыг дэвшүүлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард хиймэл дагуулын зураг дэлхийн хөрсний гадаргуу дээр агаарын температур онц аюултай түвшинд халсныг харуулжээ. Үүнд хүн ба мал амьтны өсөлт, нэг хүнд ноогдох махны хэрэглээ, ой модыг устгах, чулуу нүүрсний хэрэглээ нөлөөлсөн гэж үзэв.
Зарим орнуудад сэргээгдэх салхи, нарны эрчим хүчний хэрэглээ 10 жилийн хугацаанд 373 хувиар өссөн боловч чулуужсан түлшний хэрэглээнээс 28 дахин бага байна. Эрдэмтдийн дэвшүүлсэн өөрчлөлт авчрах, Засгийн газрууд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зургаан арга хэмжээнд:
1. Эрчим хүч – Улс төрийн түвшинд чулуужсан түлшний хэрэглээнээс татгалзах хүртэл нүүрстөрөгч ялгаруулж буй аж ахуй нэгжүүдэд өндөр төлбөр оноож, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөн хүрээтэйгээр ашиглах
2. Агаар бохирдуулагчдыг танах – Дулаан ихээр ялгаруулдаг агаарыг бохирдуулагч метан, хөө тортог зэрэг бодисуудыг багасгах
3. Байгаль орчин – Ой модыг устгахаа зогсоож дахин сэргээж, хүчилтөрөгч ялгаруулдаг ногоон байгууламжийг бүтээх
4. Хоол хүнс – Хоол хүнснээс гарах хог хаягдлыг багасгах, махны хэрэглээг бууруулж ногоон ургамлыг түлхүү хэрэглэх
5. Эдийн засаг – Нүүрстөрөгчийн бус ногоон эдийн засаг руу шилжих
6. Хүн ам – Хоногт 200,000 –р нэмэгдэж буй дэлхийн хүн амыг тогвторжуулах зэрэг багтжээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com