2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй бол 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байдаг. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө.
Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл нөхөн төлсөн жилээсээ эхлэн тэтгэвэр тогтоолгох боломжийг хамтад нь олгож байгаатай холбогдуулан тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтүүдийг холбогдох хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байна.
Мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулинд өөрчлөлт орсон. Үүнд:
-Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;
-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;
-Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;
-Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.
Түүнчлэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, 1990 оны 11 дүгээр сард хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэврийг ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэх юм байна.