ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зарлагдаад байгаа юм.
Мөн арваннэгдүгээр сарын 4 түүний мэндэлсэн өдөр юм. Тэрбээр Монгол Улсыг тусгаар улс болгоход түүхэн гавьяа байгуулсныг түүхийн эх сурвалжууд нотолдог. Түүний талаар ам дамжсан болон түүхийн хуудсанаа бичигдэн үлдсэн олон домог байдаг.
Дурдвал, Богд гэгээнийг зургаан настайд нь Түвдээс тодруулан залж ирсэн бөгөөд бусад хүүхдийн адил шилбүүрэн морь унаж гадуур тоглох дуртай хүүхэд байсан гэдэг. Баруун, зүүн хүрээний их хамба, лам нар Богд хаанд ном заалгах багш, Сойвон-Донир нарыг дэргэд нь байлгахаар болжээ.
Тэд Богдод ном заах гэж мэрийх боловч зургаан настай балчир хүү гадуур морь унаж тоглоод гэртээ ч орох дургүй байсан байна. Нэг удаа түүнийг номоо үзэж өгөхгүй болохоор нь туслах-зөвлөх /Сойвон/ нь “номоо үз” гэж алгадаж гэнэ.
Гэтэл Богд “Би тоглохоо больё, больё. Амаа би уншъя, уншъя” гэж хэлээд ихэд уйлсан байна. Тэгтэл Сойвон “Чи юугаа уншдаг юм бэ” гээд загнатал Богд гэгээн балчир хүүхэд гэлтгүй маани мэгзэмээс эхлэн Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Арван хангал зэрэг насанд хүрэгсдийн зовж байж цээжилдэг номнуудыг түгдрэлгүй уншиж гарчээ.
Тэгэхээр нь Сойвон түүнд заах гэж байсан номнуудаа асуутал тэр ганц ч түгдрэлгүй уншихад учиргүй баярлаж өөрийн нь хийх ажил нь бэрхшээлгүй болсонд талархан Баруун хүрээний их хамбад айлтгаж байсан гэдэг. Өндгөн сүрэг гэж, зөвхөн хааны хамаарал бүхий мал, амьтан байдаг, хэрэв айлын алдуул мал хашаанд орж ирвэл шууд хааны ордон музейд байгаа амьтдын чихмэлийг сайтар харвал зарим төрөл зүйл нь дэлхийд ч ховорхон үзэгдэх үзвэр болжээ.
Богд хаан тухайн цаг үеийн техник, технологийн дэвшил болох хүн төрөлхтний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байсан хөгжимт хайрцаг, хүний гайхашрал, хачирхлыг татсан автомашиныг анх Монголд оруулж ирсэн байдаг. Мөн сонин хачирхалтай зүйлсийг сонирхож судалдаг хүн байсан нь мэдэгддэг.
Тэрбээр хачин, сонин зүйл таарвал өөртөө бэлэг болгож авдаг, бэлэг болгуулж чадаагүй бол худалдан авч цуглуулгаа баяжуулдаг байж. Хааны сангаас хааны хачирхлыг төрүүлсэн зүйлсийг өдөр бүр худалдан авч байсан ч сүүлдээ сонирхохоо больж, эгэлийн эгэл юманд дурлаж, хайрладаг болсон тухай тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Музейн үзэсгэлэнгээс 1800- 1900 оны эхэн үеийн хүмүүсийн аж байдал, хэрэглэж байсан эд зүйлсийг харж болно.
Мөн хуучин цагийн хүмүүсийн уран ухаан шингэсэн сонирхолтой зүйлсийг ч харах боломж бүрджээ. Богд хааны музейд түүний эдэлж хэрэглэж байсан болон цуглуулгыг нь ирж үзэх хүн олон байлаа. Тэр дундаа настай хүмүүс ихэвчлэн иржээ. Богд Жавзандамба хутагтын мэлмий гэсний 150 жилийн арга хэмжээнд тус үзэсгэлэнгээс гадна, эрдэм шинжилгээний хурал, кино, ном хурах зэрэг арга хэмжээ хөтөлбөрийн дагуу явагдах аж.