Өнөөдөр Монгол улс Умард Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн өмнөхөн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уныг нийслэл Улаанбаатар хотод зочлохыг урьсан тухай Умардын төрийн мэдлийн телевизээр дамжууллаа.
Х.Баттулга Ким Жон Унд цахилгаан мэдээ илгээсэн байна. Уг цахилгаан мэдээнд Баттулга дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын мэнд хүргэж, өмнөх удирдагчид хоёр улсын дипломат харилцааг тогтоож, хоёр улсын дунд ганхашгүй суурийг бүтээн босгосон тухай дурдсан гэжээ.
.
Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Х.Баттулга хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бүс нутгийн аюулгүй байдал, энх тайван, олон талын ашиг сонирхлоор хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Умард Солонгосын агуу удирдагч Ким Ир Сен Монгол улсад зочилж байсныг дурдаад одоогийн удирдагч хүсэлтийг нь хүлээж авахыг хүсч байгаагаа Баттулга дурдсан байна.
Умард Солонгос улс АНУ-тай дайсагналаа намжаахаар дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулж, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулсны дараа Монгол улсын Ерөнхийлөгч ийнхүү хүсэлт илгээлээ. Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарт Япон, Умард Солонгосын албаныхан зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын чуулга уулзалтын хүрээнд уулзсан.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Ерөнхийлөгчийн захидалд хариу өгөөгүй байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ онд багтаж Умардын залуу удирдагч анх удаа ОХУ-д айлчилж магадгүй гэнэ.
Эх сурвалж: www3.nhk.or.jp, www.sputniknews.com