Боржигин бол язгуурын монголчуудын сурвалжтан нарын төрөн гардаг том овог юм. “Монголын нууц товчоо”-нд, <<Bodoncar borjigin oboqtan bol=ba>>(Бодончар боржигин овогтон болов) гэжээ. Бодончар бол X зууны үеийн язгуурын монголчуудын тэргүүлэгч агсан Добу мэргэн нас нөхцсөний дараа түүний бэлбэсэн үлдсэн хатан Алунгоогоос төрсөн бутач гурван хүүгийн отгон нь билээ. Добу мэргэнийг нас нөхцсөний дараа Алунгоо хатнаас төрсөн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Малиг баяудын нэгэн хүн мөн хэмээн сэжиглэгддэг. Добу мэргэн амьд сэрүүн ахуйдаа тэр Малиг баяудыг бага залууд нь авчран, гэр ахуйдаа туслалцуулж байсан юмсанж. Тийнхүү Бөртэ Чоноос эхэлсэн язгуурын монголчуудын нэгэн салбарын ноёдын удам нь X зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тийм учраас хожмын Монголын их хаадын удмыг Бөртэ Чоноос биш, харин Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын төрж гарсан алтан ургийн түүхийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэдэг байна.
Бодончар нь 970 онд төрсөн хүн гэж зарим судлаач бодож гаргажээ. Дээр өгүүлсэн зүйлээс үзвэл, боржигин овог нь X зууны сүүлчээр үүссэн байж болох ажээ.
“Монголын нууц товчоо”-нд, бас Бодончараас 3 үеийн өмнө Боржигидай мэргэн нэрт хүн байсан гэх боловч боржигин овгийг үүсгэгч нь Бодончар хэмээн монгол сурвалж бичгүүдэд нэгэн дуугаар өгүүлдэг. Энэ нь Бөртэ Чоноос эхэлсэн ноёдын удам Добу мэргэн дээр ирээд тасарсан учраас урьд нь боржигин овог байсан ч гэлээ хожмын монгол хаадын дээд овгийг Бодончараас эхлэн тоолоход хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл, Чингисээс эхэлсэн хожмын монголчуудын их хаадын өндөр дээд өвөг нь Бодончар юм.
Бодончараас эх үүсэл нь тавигдсан алтан ургийн боржигин ноёд ХIII-ХIV зууны үед Монголын эзэнт гүрний болон XIV зууны хоёрдугаар хагасаас XVII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, өндөр нэр нөлөөтэй байв. Чингис хаан XIII зууны эхэн үед өөрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан өмч өгсөнөөр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан, Монгол улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг өвлөсөөр иржээ. Манж чин гүрний эрхшээлийн үед боржигины язгууртнуудын төр барих эрх хасагдсан боловч орон нутгийн эрх баригсдын дийлэнх олонх нь боржигин овогтон байв. Тэр үеийн боржигин тайж нар нь уг гарлаараа бүгд Чингис хаан, түүний дүү нарын үр хойчис юм. ХVIII-ХХ зууны эхэн үед боржигин овгийн тайж нарыг дотор нь төрөл тайж, харьяат тайж хэмээн хоёр хуваадаг. Чингис хааны шууд угсааныхныг төрөл тайж, Чингис хааны дүү нарын үр хойчсыг харьяат тайж гэдэг байв.
XVIII-ХХ зууны эхэн үеийн боржигин овогт тайж нарын эзэмшлийг дурдвал: Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн үр хойчис нь халхын Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён (хан) аймгийн 83; мөн Хөхнуурын 1; Өвөрмонголын Зуу-удын чуулганы Халхын зүүнгарын 1; Өвөр монголын Улаанцавын чуулганы Халхын баруун гарын 1; бүгд 86 хошууны засаг ноёд байв.
Батмөнх даян хааны гутгаар хүү Барсболдын үр хойчис нь Өвөр монголын Их зуугийн чуулганы Ордос 7; Зостын чуулганы түмэдийн баруун гарын 1; бүгд 8 хошууны засаг ноёд байв. Даян хааны ууган хүү Төрболдын угсааныхан Өвөр монголын Шилийн голын чуулганы цахар 8; хуучид 2; үзэмчин 2; сөнөд 2; 3уу-Удын чуулганы аохан 1; найман 1; бүгд 16 хошууны ноёд байв. Даян хааны тавдугаар хүү Алчиболдын үрс Өвөр монголын Зуу-удын чуулганы баарин 2; жарууд 2; бүгд 4 хошууны засаг ноёд; Даян хааны зургаадугаар хүү Очирболдын үр мөн чуулганы хэшигтэн 1 хошууны засаг ноёд байв.
Чингис хааны дүү Хавт Хасарын үр хойчис нь Өвөр монголын Жирэмийн чуулганы хорчин 6; жалайд 1; дөрвөд 1; горлос 2; Зуу-удын чуулганы ар хорчин 1; Улаанцавын чуулганы дөрвөн хүүхдийн 1; муу мянган 1; урадын 3; баруун Туулын Алшаагийн 1; Хөхнуурын хошууд аймгийн 21; Ар Монголын Ховдын сайдын харьяат хошуудын 1; Шинжааны Илийн жанжинд захирагдах Үнэн сүжигтийн Дундад замын хошуудын Бат сэтгэлтийн чуулганы 3; бүгд 42 хошууны засаг ноёд байжээ.
Чингис хааны дүү Бөх Бэлгүдэйн удмынхан Өвөр монголын Шилийн голын чуулганы авга 2; авга нар 2; бүгд 4 хошууны ноёд байв. Чингис хааны дүү Хачиуны угсааныхан Өвөр монголын Зуу-удын чуулганы оннигуд (онглигуд) 2 хошууны эрх баригсад нь болж явжээ. Тийнхүү ХVII-ХХ зууны эхэн үеийн Ар, Өвөр, Хөх нуур, Шиньжиан, Илийн монголчуудын 163 хошууны засаг ноёд нь боржигин нар байжээ. Энэ нь тэр үеийн Ар, Өвөр монгол, Шинжиан, Хөх нуур, Или зэрэг газрын монголчуудын бүх хошуудын 70 хувийг эзэлж байсан байна. Үүнээс гадна дээрх олон хошууны тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэргийн бүх тайж нар нь мөн боржигин овогтон байсан билээ. Өөрөөр хэлбэл, дээрх бүх хошуу нутгуудад боржигин овогтон тархан суурьшсан байжээ. Мөн Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Их хэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-угтаал, Цагаандэлгэр, Төв аймгийн Баянжаргалан сум, Говь-сүмбэр аймагт)-нд боржигин нар бөөндүү суудаг байв.
ХIII-ХIV зууны дайн байлдааны хөлөөр, мөн түүнээс хожим үед янз бүрийн шалтгаанаар боржигин нар Дундад Ази, өнөөгийн Узбек, Киргиз, Сибирь зэрэг газарт тархан суусан аж.
Язгуурын монголчуудын сурвалжит боржигин овог нь өөрийн онгон шүтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэр онгон шүтээнээ нэлээд эрт мартаж хулширсан бололтой. Тиймээс өдгөө боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зөрөөтэй байна. Зарим судлаач боржигин овгийн онгон нь цагаан шонхор шувуу байсан гэж үзэж байна. Эл үзлийг баримтлагчид “Монголын нууц товчоо”-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог байна. Тэнд өгүүлсэн нь:
Есүхэй баатар Тэмүжинг есөн настай байхад Өгэлүн эхийн төрхөм олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад Цэгцэр, Чихурху хоёрын завсарт хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд, Дэй сэцэн:
- Есүхэй худ аль хүрч явна хэмээсэнд, Есүхэй:
- Миний хөвгүүний нагац олхонуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд, Дэй сэцэн:
- Энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хөвгүүн байна. Би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв... Есүхэй худ чи хөвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу гэж хэлдэг.
Лу “Алтан товч”-д үүнийг “Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл, сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна. Дээр эш татсан мэдээг үндэслэн, зарим судлаач боржигин овгийн онгон нь цагаан шонхор байсан хэмээн үзэхэд хүрсэн бололтой.
Эл сүлдэр хэмээх үг “Монголын нууц товчоо”-нд 3 удаа тохиолдож байна. Үүнд Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан ирээд, түүний өмнө өчихдөө: “Язгуур өөр төрөлхөт билээ, би. Илүү төрөлхөт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав” гэжээ. Мөн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн бурхан хэлсэн нь: Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдэрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч өгсү” гэжээ. Дээрх хоёр өгүүлбэрт, сүлдэр хэмээх үгийг сүр жавхлан, сүр сүлд хэмээх утгаар хэрэглэсэн гэмээр байна. “Монголын нууц товчоо”-н дахь сүлдэр хэмээх үг нь орчин цагийн монгол хэлний “сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан” гэсэн үгнүүдтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс харагдаж байна. Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцэний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн байлтай. Ерөөс монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэн дохиолох нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шүтээн байх албагүй, зөвхөн ёр совингийн төдий, битүү дохио болдог билээ. Дээрх Дэй сэцэний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч мөн манай аман зохиолын тэр өгүүлэмжтэй төстэй байна. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд, “Монголын нууц товчоо” нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын шинжтэй бүтээл гэдгийг бид мартаж болохгүй юм.
Шонхор шувуу боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэм өөр баримтууд бас байна. Эртний Уйгурын домогт хаан Огузын үр ач нарын хэрэглэж явсан тамга, онгон шүтээн, хувь махны тухай сурвалж бичгүүдэд өгүүлсэн нь сонирхолтой байна.
Мөн Казахын ноёдын угийн бичигт өгүүлснээр, Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон гэнэ. Тэр үед Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат, эрхэмлэн шүтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрэлийн) мод, тамга нь сар С хэмээн тогтоосон гэнэ. Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон мөн байсан бол Чингис хаан өөрийн онгоноо харь Казахын нэгэн овгийн бэлгэ тэмдэг болгон өгөх ёсгүй байлтай. Харин тэрбээр Казахын конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн байсан нь тодорхой аж. Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шүтээн байсан гэх үзэл дэлгэрч, төрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхорын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна. Монгол улсын Цагдаагийн Ерөнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхорын дүрсийг хэрэглэсээр байгаа нь дээрхийн нэг жишээ мөн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мөн хэмээн, төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөнтэй адил зүйл юм. Ерөөс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байв. Онгоноо тахиж аргадаж байвал, түүний ивээлд багтан, тухайн овог, аймаг өөдлөн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бөөгийн шүтлэгтэн нар ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг, бусдад түүнийгээ алдвал тэдэнд дагаж орсонтой адил болдог байжээ.
Монголын их хаадын төрөн гарсан, язгуурын монголчуудын том овог боржигин нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодтой, тодорхой баримт энэ хэр алга байна. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын төр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй мэт.
Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ? гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан болов уу хэмээн бид таамаглаж байна. 2000 гаруй жилийн тэртээ Хүннү улсын үед Хятадын Хан улсын эрх баригсад Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардан шахамдуулсан байна. Гэвч тэд Хятад улсын эл шаардлага тулгалтыг хүлээн авсангүй. Харин Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд цагаан чоно, цагаан буга өгсөнгүй ажээ. Энд Хан улс ердийн чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч өгөхийг нүүдэлчдээс шаардсан хэрэг хараахан биш бололтой. Хүннүгийн нүүдэлчдийн голлох хоёр овгийн онгон нь чоно, буга байсан бололтой бөгөөд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа авснаар уг нүүдэлчдийг үзэл санаа, ёс зүйн талаар өөртөө дагуулан оруулж авахыг оролдсон хэрэг байлтай. Нүүдэлчид Хятадын энэ шаардлагын цаад учир утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцэн тэмцэлдсэн байна.
Хүннү улсын төр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед нэлээд давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннү улсын эрх барьсан тэр язгууртан овгийн онгон нь чоно байсан гэж судлаачид үзэж байна. Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн үеэс уламжилсан овгийн онгонтой холбоотой болов уу. XII зууны үед язгуурын монголчуудын Нируны салбарын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь өдгөө хүртэл уламжлан ирсэн байна. Энэ нь чоно шүтээнтний онгоны нэр нь тухайн овгийн нэр болсон аж.
Чингис хааны цагт Хангай хан (уул)-нд нэгэн их ав хийх үед Чингис хаан “Бөртэ чоно, хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун” гэж зарлиг болж байжээ. Эндээс язгуурын монголчуудын эртний ноёлог овгийн өвөг дээдэс Бөртэ чоно, Хоа марал нь тухайн овгуудын онгон шүтээний нэр байсан байж болох юм гэсэн сэтгэгдэл төрж байна. Зарим судлаач дээрх явдлыг чоно, марал (буга) нь эртний монголчуудын онгон нь байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж тайлбарласан нь бидний таамаглалтай нийцэж байна.
Боржигин овгийн нэр ч түүний онгонтой холбоотой үүссэн байж болмоор санагдана. Иймд уг нэрийн үүслийн талаар товч авч үзье.
Н.Поппе боржигин нэрийн гарлыг судлаад, монгол хэлний боржон гэсэн эм галууны нэрэнд ямар нэгэн дагавар залгаж бүтээсэн нэр гэжээ. Н.Поппе энэхүү саналаа цаашаа лавтгахыг оролдон эртний монголчуудын дунд галуун онгонтой, галуу шүтэгч аймаг байсан учраас энэ нэр үүссэн бололтой гэж таамагласан байна. П.Поуха ч иймэрхүү санал баримталсан байна. Гэвч энэ хоёр эрдэмтэн монгол хэлний “боржон” гэдэг үгэнд ямар дагавар залган боржигин нэр үүсгэж болохыг тайлбарлаагүй учир боржигинтой адил бүтэцтэй бусад түүхэн нэрийг (элжигин, отчигин г.м) сэргээн мэдэх бололцоо олгохгүй байна.
Бодончараас 3 үеийн өмнө Боржигидой нэртэй хүн байсан тухай дээр өгүүлсэн билээ. Тэнд анхаарууштай бас нэг нэмэгдэл мэдээ буй нь <<Borjigidai mergen-nű kő’űn Toroqoljin bayyan Boroqcin qo’u gergeitű Boroldai Suyalbi jala’utu Dayir Boro qoyar kűlű’ut aqtastu bű=le’e>> (Боржигидой мэргэний хүү Торголжин баян Борогчин гуа гэргийтэй, Боролдой, Суялби нэрт зарцтай, дайр бор хоёр морьтой байсан) гэдгийг тэмдэглэсэн явдал юм[19]. Чухамхүү Боржигидой мэргэн, түүний хүүгийн гэргий, зарц гурвын нэр, хүлгийн зүс цөмөөрөө “бор” гэсэн өнгө заасан үгтэй холбогдсон нь бидний сонирхож байгаа Боржигин нэрийн гарлыг мөшгөх нэгэн шижим байж болох юм.
Рашид-ад-дин ерөнхийлөн, монгол түүхч Болд чинсан нар оролцож XIV зууны босгон дээр зохиосон “Судрын чуулган”-д боржигиныг “бор (цэнхэр) нүд” гэсэн үг гэж тайлсан нь дээрх мэдээг тодруулах нэмэлт баримт болно. Эдгээр мэдээ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор (м.б. boru) гэсэн өнгө заасан үгтэй гарал, утгын холбоотой байж болох юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
Монгол хэлний бор (boru) гэсэн үгийн гарлыг лавлахын тулд түрэг хэлний bőri, bűri гэсэн үгийг сонирхох хэрэгтэй. Ер нь түрэг салбарын хэлнүүд нь нийгмийн түүхэн хөгжлийн онцлогтойгоо нөхцөлдөн, өвөг алтай хэлний хуучин үгсийг бусад салбараасаа илүү хадгалж үлджээ. Тийм ч учраас алтай хэлний бусад салбар, ялангуяа монгол хэлний зарим үгийн гарлыг сэргээн мэдэхэд тэр хуучин үгс чухал хэрэглэгдэхүүн болно.
Дундад үеийн монгол хэлний бор (boru) нь “цайвар бор, бор саарал, хөхөлбөр бор, саарал” гэсэн утга илтгэж байжээ. Түрэг хэлний bьri мөн ийм утгатайгаас гадна боргоцой гэсэн утгыг давхар илтгэдэг аж.
Монгол хэлний бор, боргоцой хоёр нь нэг язгууртай үг гэдэг нь мэдээж юм. Нөгөө талаар түрэг хэлний bőri-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бөртэ хэмээх монгол үг байна. Энэ үг “бор толбот” гэсэн утгатай юм. Бөртөндөх гэвэл, бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлдэг.
Монгол, түрэг угсаатны дунд чоно, чонос нэрт овог маш эртнээс байсаар иржээ. Одоо ч монголчуудын дунд түүнтэй утга тэнцэх бүрд буюу бурд овог хадгалагджээ. Энэхүү бүрд буюу бурд хэмээх овгийн нэр нь алтайн хэлний bőri / bűri -гийн олны дагавар зүүсэн хэлбэр юм.
Эрт цагт алтайн хэлнээ чоныг bőri / bűri гэж нэгэн адил нэрлэж байжээ. Монголчууд хожим хүртэл чонын бэлтрэгийг бөртэ гэж нэрлэж байсан нь түүний үлдэц бөгөөд bőri / boru гэдэг хоёр үг гарлын холбоотойг давхар үзүүлнэ. Монголын зарим нутгийн аялгуунаа чоныг бөрт хайрхан, чанданы эзэн гэх мэтээр эерүүлэн нэрлэдэг ёс байснаас гадна мөн одоо ч боохой хэмээн нэр цээрлэнэ.
Эдүгээ цөөвөр (čőgebűri) гэж нэгэн зүйл чонын нэр байдаг нь цөөн (čőgen)-бүри (bűri) ‘чоно’ гэсэн утгатай алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүссэн нэр аж. Эдгээрээс үзвэл, түрэг хэлний bőri / bűri монгол хэлний boru гэсэн үгс угтаа алтайн хэлнээ нэг язгуур гаралтай, ойролцоо утгатай байгаад хэлний хөгжлийн явцад утга нь салбарлан холдохын зэрэгцээ авианы хувьсал үзжээ. Чингэхдээ bцri / bьri нь эртний хэлбэрээ илүү хадгалж, boru нь утга, авианы бүтцийн хувьд нэлээд өөрчлөгджээ.
Боржигин гэдэг нэрийн сүүлчийн жигин-ий хувьд гэвэл, эртний алтайн хэлний тегин гэсэн үгийн хожмын монгол хувилбар болох нь авианы бүрэлдэхүүн, нийлмэл үгэнд эзэлж буй байрлалаараа төдий л төвөггүй танигдана. Эртний алтай хэлний тегин гэдэг үг хожим хүртэл түрэг хэлэнд хэрэглэгдэж байсан нь VI-VIII зуунд оршин тогтнож байсан Түрэгийн хант улсын үлдээсэн гэрэлт хөшөөний бичээсээс мэдэгдэнэ. Тэр үед тегин нь түрэгийн хаадын удам угсаа, ойр төрлийнхний цол, хан хүүгийн өргөмж нэр байжээ .
Дээр өгүүлсэн зүйлд тулгуурлавал, эртний монголчуудын зарим нь чоныг онголон шүтэж, түүний дүрсийг янз бүрийн эдээр үйлдэн, аргадан тахиж байсан овогт ёсны зан үйлийн улмаас бүрд, бурд, боржигин гэсэн овгийн нэрс анх үүссэн гэмээр байнам. Чингэхдээ бүрд анх; бурд удаа нь; боржигин сүүлд өвөг алтайн хэлний bцri / bьri монгол хэлнээ boru хэлбэртэй болсон үед тус тус үүссэн бололтой. Тийнхүү чоно тахиглан шүтэгчдийн онгон сүлдний нэр нь яваандаа өөрсдийх нь овгийн нэр болсон гэлтэй.