Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тус хуулийг өөрчлөх асуудал яригдаж байгаа юм. Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулжээ.
Учир нь хуулийн өөрчлөлт дээр Засгийн газраас хоёр өөр санал гарсан байна. Тухайлбал, Сангийн яам төсвөө гүйцээх талаас нь зохицуулалт хийхийг хүсэж байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эдийн засгийн чөлөөт байдлыг боомилсон, Монгол улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна гэж үзэж байгаа юм байна.
Тиймээс уг асуудалтай холбогдуулан УИХ ажлын хэсэг байгуулжээ. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороон дээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлах юм. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж амжвал Эдийн засгийн байнгын хороогоор үргэлжлүүлж хэлэлцэнэ. Амжихгүй бол дараа долоо хоногт хэлэлцэнэ. Ажлын хэсэг ажлын 15 хоногт хуралдаж шийдвэрээ гаргах журамтай.