Төв аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангиудад төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Ингэхдээ ял эдлэж байгаа хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу олгож байгаа эсэхийг шалгажээ.
Шалгалтаар дээрх хорих ангиуд нь хоригдлын хөдөлмөрийн үнэлгээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэт доогуур тооцдог, ажилласан цалинг нь дутуу бодож олгодог зөрил илэрчээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2018 оны А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг тогтоох журам”-д заасны дагуу “хөдөлмөрийн жишиг норм тогтоох зөвлөл” байгуулаагүй, мөн нарийн мэргэжил, онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн нормыг тогтоогоогүй ажиллаж байжээ.
Гэвч ингэж хоригдлуудын ажлын хөлсийг буруу тооцон олгож байгаа нь тэдний бусдад учруулсан хохирол төлбөрийг хийсэн ажлын хөлснөөс нь төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх үр дагавартай юм.
Тиймээс Төв аймгийн прокурорын газраас 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин гаргахгүй байх үүрэг өгсөн байна.