Б.ДОЛЖИНЖАВ
Индонез улсад болсон ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улс гурав дахь жилдээ тэргүүлсэн. Энэ тэмцээнд 10 төрлийн нийлбэр оноогоор түрүүлж Ази тивийн аварга болсон Олон улсын их мастер Э.Лхагвадуламыг “Залуус” буландаа урилаа
– Манай улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?
-Индонез улсын Бали аралд өнгөрсөн сарын 5, 6-нд зохион байгуулагдсан ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 13 орны 130 гаруй тамирчин өрсөлдсөн. Манай улсаас 15 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцож 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж Азидаа нэгдүгээрт гэдгээ дахин баталлаа. II байрт БНХАУ, III байрт Индонез улс орсон. Хүчтэй өрсөлдөгч нь Хятад улс. Олон хүнээс шалгарч гарсан учраас бэлтгэл сайтай, ой тогтоолтыг амьдралаа болгочихсон шилдэг тамирчид өрсөлддөг. Өнгөрсөн жилийн ДАШТ-д ой тогтоолтоор хичээллэж байгаагүй Хойд Солонгос шинээр нэмэгдэж, хүч түрэн орж ирсэн. Энэ хоёр улс хүчтэй өрсөлдөгчдөд тооцогддог.
-10 төрлийн дараах нийлбэр оноогоор тэргүүлж Ази тивийн аварга болсонд нь баяр хүргэе. Мөн олон багц, тооны марафон төрөлд дэлхийн амжилтыг эвдлээ. Өмнөх амжилтыг өөрөө эзэмшдэг байсан байх аа?
-Миний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцсон. Ой тогтоолт харааны, сонсголын гэсэн 10 төрөлтэй. Үүний долоон төрөлд нь медаль аваад өсвөр насны ангилалд нэгд орж нийт найман медаль авсан. Өмнө нь 2017 оны Хонгконгт болсон Азийн аваргаар өсвөр насны ангилалд түрүүлж байсан. Энэ удаа нийт оролцогчдоос нийлбэр оноогоороо түрүүлж Азийн аварга боллоо. Анхны Азийн аваргад оролцоход ой тогтоолтоор хичээллээд хоёр жил болж байсан учраас сандарч зарим төрөл дээр даалгавраа гүйцэтгэж чадаагүй. Энэ тэмцээнд бүх даалгавраа сайн хийж, нэг багц хөзрөө 19 секундэд цээжилсэн болохоор сэтгэл хангалуун байна. Энэ удаа “Олон багц” төрөлд 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. 2017 оны Азийн аваргаар 30 минутын олон багц хөзөр, тооны марафон төрөлд дэлхийн амжилтыг эвдсэн.
-Саяхан ОХУ-ын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон. Нэвтрүүлгийг үзэхэд нэлээд сандарч байгаа харагдсан?
-Миний хувьд хамгийн анхны нэвтрүүлэг, тайз байсан учир тэмцээнд оролцдогоосоо илүү их сандарсан. Тэмцээнд оролцоход бусад орны тамирчдаа таних учир бэлтгэл дээр байгаа юм шиг өөрийгөө зоригжуулж даалгавраа гүйцэтгэдэг. Гэтэл нэвтрүүлгийн үеэр олон хүн намайг үзэж байгаа, алдчихвал яах бол гэсэн айдас байсан. 10 бүжигчний нэр, өндөр, нас, дуртай амьтан, хоол гэсэн 100 мэдээлэл цээжлэх даалгавар өгсөн. Шүүгч нар “шар өнгийн малгайтай бүжигчний нас нь хэд вэ” гэж нарийвчлан асуусан.
-Дархан дахь оюун ухааны академиас тамирчин болох гараагаа эхэлсэн. Анхны тэмцээнээсээ медаль авч байсан гэсэн үү?
– Ой тогтоолтоор хичээллээд III шатанд явж байхдаа анх Бүсийн аваргын тэмцээнд орж мөнгөн медаль аваад их урам орсон. Тухайн үедээ Дархан дахь ой тогтоолтын академид хичээллэдэг байсан. Харин хамгийн анхны олон улсын тэмцээн нь Сингапурт болсон ДАШТ юм. Шинэ тамирчин учраас дэлхийн аваргад оролцох нь чухал, медаль авна гэж бодоогүй. Гэтэл олон багц дээрээ мөнгөн медаль аваад баярлаж, бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн. Түүнээс хойш үзүүлэлтүүд ахиад, зарим төрөл дээр амжилт тогтоож эхэлснийг бэлтгэл сайн хийсний үр дүн гэж боддог. 2017 оны ДАШТ-ээр Олон улсын их мастер болсон. Энэ хүртэлх амжилтыг уйгагүй хөдөлмөр, шаргуу бэлтгэлийн үр дүн гэж бодож байна. Мөн багш нар цээжлэх аргын талаар байнга зөвлөнө, эцэг эх хэрэгтэй бүх зүйлийг бэлдэж өгнө. Тэмцээний бэлтгэлээ гэртээ, заримдаа академидаа очиж хийнэ.
-Багадаа их ичимхий хүүхэд байснаа ой тогтоолтоор хичээллээд нээлттэй болсон гэж сонссон?
– Таван настайдаа I ангид орсон. Ангийнхан надаас 1-2 насаар илүү байсныг ч хэлэх үү нэг их зүйл ярьж чаддагүй ичимхий, сэргэлэн цовоо бус хүүхэд байсан. Саяхан ангийн багштай таарсан чинь “Хүүхдүүдийг босгоод хичээл асуухаар чи ширээний доор нуугдчихдаг байсан. Харин одоо өөрчлөгдөж, нээлттэй болжээ” гэсэн. Академид ороод адилхан тамирчин болох хүсэлтэй хүүхдүүдтэй танилцаад найзын хүрээллээ нэмсэн. Мөн ДАШТ-д нэг цаг даалгавраа цээжлээд хоёр цагийн турш бичдэг. Энэ хугацаанд босч болохгүй. Тиймээс нэг зүйлд төвлөрөхөд анхаарал сайжирсан. Уран зохиолын хичээл дээр шүлгийг цээжлэх гэж бүтэн өдөржин суудаг байлаа. Харин академид яваад шүлэг амархан цээжлэх аргыг сурсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.5 МЯГМАР №219 (6186 )