УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хуулийн асуудлыг багагүй хөнддөг байсан. Нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгүүд болж байхад яагаад дуугүй байна вэ?
-2016 оны сонгуулиар эрх баригч намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн байсан. 1992 оны шинэ Үндсэн хууль болохгүй болчихлоо, зарим зүйл, заалтууд нь хийх гэж байгаа ажилд харшилж байна гэж сүүлийн арав гаруй жил ярьсан.
Намайг 2008 онд УИХ-д сонгогдоход л ийм яриа байсан. Гэхдээ бүх асуудал 1992 оны Үндсэн хуулиас болоод байсан юм байхгүй. Гол асуудал нь хүмүүстэй холбоотой. Манайхан нэг юм болохгүй болж буруутахаар хууль, дүрэм рүү чихчихдэг.
Эсвэл бусад руу түлхдэг, ийм үзэгдэл хэрээс хэтэрч газар авсан. Хариуцлага тооцдоггүй. Харин бие засаг газар ч юм уу, ямар нэг барьсан зүйл дээр тууз хайчлах болохоороо бүгдээрээ цагаан бээлий өмсөөд гүйгээд оччихсон хайчаа булаацалдаад гүйж явдаг. Сайн юм байвал өөрийнх болгох гэж зүтгэдэг, муу юм гарвал бусдынх болгох гэж дайрдаг.
Ядахад өнөөдөр АН нь дотроо хагаралдаж бүлэг ч үгүй болж зөвлөл нэртэй, хуучин С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гурвын байгуулж байсан шиг албан бус маягтай болчихлоо. Зөвлөлийг УИХ дээр хэн ч тоодоггүй, хэдэн хүн л байж байдаг шүү дээ. Ардчилсан нам гэдэг нэрээрээ л хэдэн үг хэлдэг, тэрийг нь ойшоох хүн байхгүй. Тэндээс сонгогдож гарсан Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга хоёр нь хориг тавьсан болдог, тэрийг нь УИХ-д олонх болсон МАН нь тоодоггүй.
Улсын мөнгө идсэн, таттар төлөгчдийн мөнгөөр тоглосон 60 тэрбумын асуудал, ЖДҮ-ийн луйвараас болоод МАН нь ч бас дотроо хоёр хуваагдчихсан. Түүгээрээ далимдуулж Ж.Эрдэнэбатынхаа Засгийн газрыг огцруулаад явж ирсэн. Энэ дотроос онцолж ярих хамгийн гол асуудал нь 2016 оны сонгуулиар МАН-ын амласан зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлт шүү дээ. Гэхдээ тэрийгээ ард түмнээсээ асууж, ард түмэнтэйгээ хамтарч хийнэ гэж цагаан дээр хараар бичсэн баримт бий.
Ард түмэн ч түүний төлөө энэ намд саналаа өгсөн байх. Би 2008 онд гишүүн болохдоо Монголд Үндсэн хуулийн хямрал бий болжээ гэдгийг мэдрээд хэвлэлээр дуугарч байсан. Тухайн үед сэтгүүлчид гишүүдээс байр суурь авч, ярилцлага ч их хийдэг байж. Одоо гэртээ сууж байгаа жирийн иргэнээс ярилцлага авья гэхээ байж дээ. Манай сэтгүүлчид албан тушаалтнуудыг дагаж микрофон барьж гүйгээд эсвэл гэрээ хийсэн хүнээсээ ярилцлага авна гэдэг хандлагатай болчихож. Тиймээс би TV-10 телевизээр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн.
-Ямар асуудлаар?
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаа юм байна лээ. Тэр нөхөр ажлын хэсэг ахалсан тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийн төсөл урагшаа явахгүй. Яг ийм гарчигтай нэвтрүүлэг хийж цацсан юм.
Тэр хүний хуулийн мэдлэг, боловсрол энэ том ажлыг хийхэд хүрэхгүй. Үндсэн хуулийн гаргалгаа, яг юуг нь засах ёстой вэ гэдгийг мэдэх ч үгүй. Би хэлсэн, хэлээгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явц үүнийг нотлон харуулж байгаа.
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг анх Д.Дамба-Очир ахлаад чадахгүйгээ мэдээд Д.Тэрбишдагвад шилжүүлсэн. Түүн шиг даахгүй нохой булуу хураана гэгч болж байхаар Д.Лүндээжанцан ажлын хэсгийн ахлагчийн ажлаа өөр хүнд өгвөл таарна.
-Оюутолгойн гэрээний ар дахь бугшсан асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй бололтой?
-Тэр шийдэгдтэл удна. Нэлээн сайн англи хэлтэй мэргэшсэн хүнээр орчуулга хийлгэж байж шалгах ажлыг хийхгүй бол Д.Тэрбишдагва шиг, Д.Дамба-Очир шиг хүмүүс чадахгүй. Ажлын хэсэгт орсон шинэ гишүүд ч амжихгүй. Эд нар том улсын хараанд байгаа давуу эрхтэй тэр компанийг шалгаж чадахгүй. Үндсэн хуулийг өөрчлөх, Оюутолгойн гэрээг шалгах болон бусад олон ажлыг Ардын нам хийж чадсангүй, бүрэн эрхийн хугацаа нь дуусах шат руугаа орлоо.
Өөрсдөө таттар төлөгчдийн мөнгийг хувааж авсан хэрэгт орж, тэрийгээ шийдэхгүй хаацайлж явсаар дөрвөн жил шувтрах тийш хандаж байна. Нөгөө ард түмэндээ амлаж гарч ирсэн зүйлүүдээ нэгийг нь ч хийсэнгүй. Ийм л юм боллоо доо, 2016 оны сонгуулийн үр дүн.
-Уг нь ч хийнэ, хэрэгжүүлнэ гэж олон зүйлийг ярьсан, хэрэгжүүлэх гэхээр нь АН саад болоод байсан гэж өөрсдөө тайлбарлах юм билээ?
-/инээв/. Яриад байдаг тэгсэн хэрнээ хэрэгжүүлэх талд хуруугаа ч хөдөлгөөгүй шүү дээ, Ардын нам. Ингэж хийнээ, тийм юмыг тэгж хийнээ гээд яриад байдаг. хийсэн юм байхгүй. Ер нь бол өнгөрсөн 30-аад жил энэ хоёр нам ээлжилж, заримдаа хамтарч төр бариад хийсэн, хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Дандаа ирээдүй цаг дээр ярьдаг, ирээдүйд метротой болно л гэнэ. Хотын дарга нь агаараар явдаг автобустай болно ч гэх шиг, сонсоход гоё мөрөөдөлд ярина.
Монголын ард түмэн эртнээс төрдөө итгэж, төрийн мэргэн цэцэн хүмүүс нь хэлснээ биелүүлж ирсэн, тэр нь хууль болж биелдэг байсан болохоор итгэж найдаад хардаг, сонгодог байсан. Сүүлийн үеийн залуус бол тэртэй тэргүй үнэмшихгүй. Одоо 2040 онд улс орныг хөгжүүлэх мөчлөг гэж яриад эхэллээ. 30 жил дахиад ийм байдалтай явах нь л дээ. Ямар ч ажлыг манайхан төгс хийхгүй юм. ярихаас хэтэрэхгүй юм. Нэг л олон сайхан, гоё нэртэй улс төрийн намууд, ажиллаж байгаа юм алга.
Төр барьж байгаа хоёр нам иргэдийг гишүүнчлэл нэрээр хувааж аваад талцуулаад байдаг. Тэгээд ээлжээр сонгогдож байдаг. Заримдаа хоёр хуваагдаж гарч ирдэг, тэр үедээ нийлж засаг бариад идэж уугаад явчихдаг ийм тогтолцоо ужиг болчихжээ.
-Үндсэн хууль гэснээс Цэц ус балгасан мэт хараад суугаад байх юм. Та юу гэж боддог вэ, тэднийг?
-Тэр чинь угаасаа төрд байгаа хүмүүсийн гар хөл болсон есөн нөхөр байгаа. УИХ-аас гурав нь, Дээд шүүхээс хоёр, Ерөнхийлөгч гурвыг нь гэхчлэн томилдог. Тэд нарынхаа гарыг харахаас биш Цэц бие дааж шийдвэр гаргадаг юм алга. Бас болоогүй, наймаа хийдэг нөхдүүд хүртэл Цэцийн дарга гээд суучихдаг. Цэц гэдгийг би тусдаа байгууллага гэж үздэггүй. УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн гар хөл болж, асуудал шийддэггүй хэдэн хүн л байдаг.
Гомдол гаргаад хариуг нь өгдөггүй, энгийн иргэн асуудал дэвшүүлээд ч нэмэргүй. Бүр дуулиа болсон хэл амтай асуудлаар л ажил хийсэн болж дүр үзүүлж тайлбар өгч байгаа юм болж шоу үзүүлдэг. Хуулийн биш хүн хүртэл Цэцийн гишүүн гээд сууж байгаа, анхны Ерөнхийлөгч П.О чирбат гуай хүртэл орчихсон давхиж яваа.
-Удахгүй шинэ он гарах нь, ирэх сонгуулиар энэ байдал өөрчлөгдөх байх?
-1990 оны сонгуулиар манайхан барааны саван, лаа шүдэнзэд хуурагдаж саналаа өгсөн. Түүнээс хойш ядуу монголчууд байнга л хуурагдаж, мэхлэгдэж саналаа худалдаж ирлээ. 2016 онд бас л хууртсан. Хоёр намын бүлгийн дарга нар гэх утсан хүүхэлдэйнүүд гарч ирж ард түмний тархийг угаадаг.
Энэ янзаараа явах гэж хоёр нам оролдох байх. Гэвч монголчууд хууртаж ханасан. Эд нарын тоглоомыг хүлээж авахгүй байх. Гэхдээ мөнгөнд хууртчих вий гэдэг асуудал бий. Мөнгөнд хууртаж, дахиад нам болж хуваагдаад хоёр намд саналаа өгөх юм бол бахь байдгаараа л харанхуй, ядуу амьдарна. 2020-2024 онд бүр ч хүнд хэцүү байдалтай ядарч зовно. Хоёр нам ард түмнээ туршлагын туулай болгож, өөрсдөө хожиж ирсэн. Одоо гэхэд л ард түмнээрээ туршилт хийж, хордуулж байна.
-Жишээлбэл?
-Би шахмал түлшний асуудлаар аль хавраас эхэлж дуугарсан хүн шүү. Энэ болохгүй ээ, бүтэхгүй гэдгийг зөндөө хэлсэн дээ. Өмнөговь аймаг нийслэлээс 600 км-т байдаг. Цаашаа нүүрсний орд хүртэл зайтай. Тэрийг авчраад СХД-т үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэдэг гэж байгаа юм.
Коксжсон нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж байна гэж би ойлгосон эхлээд. Зун үйлдвэр явж байна гэсэн мэдээлэл гарсан. Өнгөрсөн хавар тавдугаар сарын үед Ерөнхий сайд түүхий нүүрсийг оруулахгүй гэсэн тогтоол гаргасан.
Тэгээд бид нар түлш хийж байгаа гэсэн. Тэрийгээ “Сайжруулсан түлш”, “Шахмал түлш”, “Утаагүй түлш” гэж хэдэн янзаар гоёчилж нэрлэсэн. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн толгойгоороо хариуцана гэж мэдэгдсэн. Хотын дарга нар ч гэсэн буруутвал бид хариуцлага хүлээнэ гэсэн. “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан гэж худал ярьдаг залуухүн нас барсантай холбогдуулж мэдэгдэл хийх болонгуут доош нь буулгаад НМХГ-ын дарга С.Даваасүрэн гэж хүнээр гурван газрын дүгнэлтийг уншуулж байсан
. Дараа асуудал гарахад Ж.Батбаясгалан би тэгж хэлээгүй гэх юм байна л даа. Одоо хэн нэгэнд хэрэг хүлээлгэх бол НМХГ-ын дарга С.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, үйлдвэрийн дарга “По” Ганбаатар, ерөнхий инженер, мөн 40 жил түүхий нүүрсийг судалж ажилласан гээд байгаа эрдэмтэн Бадамхатан нар юман дээр унахад бэлэн болсон. Энэ хэд ярьсан, дүгнэлт танилцуулсан. Өөр хариуцах хүн байхгүй. Ямар ч байсан толгойгоороо хариуцах 5-6 хүн нь бэлэн болчихоод байгаа. Хүн нас бараад байна шүү дээ.
-Шахмал түлшин дээр тэр нь буруу гээд хэлэх зүйл танд байна уу?
-Өнгөрсөн хавар би шахмал түлшийг үйлдвэрлэж байгааг хараад технологи нь буруу байна гэдгийг телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Хоёрдугаарт, үйлдвэрлэж байгаа арга нь буруу гэдгийг ч хэлсэн шүү. Зуслан дээр түлж үзээд зүгээр байна, сайхан байна гэж яриад байгааг би ойлгохгүй байгаа.
Өвлийн ид хүйтэн бол 12-оос хоёрдугаар сар байдаг. Тэр дотроо арванхоёрдугаар сард ес эхэлж шөнөдөө 35-40 хэм хүйтэрдэг. Энэ нөхцөлд гэр хорооллын айл өрхүүд яаж хонох вэ гэдгийг тооцоогүй, тийм туршилт огт хийгээгүй. Манайхан төгс юм хийдэггүй гэж миний түрүүнд шүүмжилдэг маань үүнтэй холбоотой. Германд шахмал түлш үйлдвэрлэж байгаатай би өмнө нь танилцаж байсан. Түүнийг харахад барьцалдуулагч материал нь органик байдаг. Манайх ч гэсэн органик гэж ярьж байна лээ.
Тийм байх ёстой л доо. Гол нь тэр доторх химийн олон элементийг бүгдийг шүүж авахгүй бол гал дотор ороод асахаараа химийн урвал явагдана. Нүүрсэн дотор 7-8 химийн бодис бий. Гал асангуут урвалд орохооргүй болгож шүүж авахгүй бол нэмэргүй.
Утаагүй, үнэргүй, амтгүй юм болж хүн хордоод байна шүү дээ. Тэрийг туршаагүйн гай гарч байна. Дээр нь 40-өөс дээш хэмийн хүйтэнд турших ёстой. Тэгж туршаагүй. Хэдэн м/кв-тыг хэдэн бөөрөнхий түлш хэдий хугацаанд халааж байна вэ гэдгийг туршаагүй. Дээрээс нь тээвэрлэлтэндээ үйрч, тал нь эргээд нунтаг болчихоод байна гэж ард түмэн яриад байгаа. Гараар барихад тослог юм наалдаад байна гэж зөндөө ярьсан.
Тэрийг огт анхаарахгүй. Органик барьцалдуулагч бол өөрөө наалдамхай, шатахаараа аль нэг бодистой урвалд ороод амт үнэргүй, утаагүй болж гарч ирээд байна гэж би ойлгож байгаа. Тэрийг эд нар зүгээр байна гэж нуугаад байх шиг байгаа юм. Хүн болгон адилхан гал түлнэ гэж байхгүй, том хүн, хүүхэд, ахмад настан гал түлж болно. Аргалыг түлэхэд хүн технологи хэрэглээд байдаггүй, яг түүн шиг байх ёстой шүү дээ.
Тээвэрлэлтэндээ үйрдэг байх ёсгүй. Германд бол шахмал түлшийг дөрвөн талаас нь 1.5 тоннын хүчин чадалтай техникийн хүчээр шахаж хатуулаг болгодог. Асаагуураар асаахад шууд асдаг, асангуутаа төөнөөд байж байдаг. Ийм зүйлийг шахмал түлш гэдэг.
Манайхан буруу хийж байна. Буруу хийж байгаа учраас хүн угаартаж хордож байна. Алдаагаа олж чадахгүй байна. Алдаагаа олохгүй болохоороо худал тайлбар хэлээд, лабораторид шинжлүүлсэн гэж хэлж байна. Эцэст нь түрүүнд хэлсэн 5-6 хүн л хэрэг үүрэх байх. Бас нэг асуудал нь утаа мэдрэгч тавьснаар асуудал шийдэгдэхгүй. Ж.Батзандан, Л.Болд хоёр тэгж яриад байсан. Тэр бүтэхгүй.
-Яагаад?
– Мэдрэгч тавихаасаа өмнө ухаан алдаад уначихвал мэдрэгч тавьсны хэрэг юу байна. Тэгээд ч тийм илүү зардлаар яах юм бэ. Эхлээд шахмал түлшээ зөв, хоргүй төгс хийчих хэрэгтэй. Гэтэл одоо хоёр нам нэг нь шоу хийж, нөгөө нь бизнес хийж байгаа, ийм л асуудал.Ер нь бол ард түмэн хоёр зүйлийг тэсвэрлэж чадахгүй. Даарч хөрөөд суугаад байж чадахгүй, өлсч чадахгүй. Гэтэл шахмал түлш гэгчээс болж айгаад галаа түлж чадахгүй даараад байж байна.
Дээр нь мах үнэд орж, ард түмэн өлсч цангаж байна. Энэ Засгийн газар ийм л юм хийлээ. Тэртэй тэргүй хүйтрээд ирэхээр түүхий нүүрсийг хориглосон шийдвэрээ цуцлах байх. Гэтэл айлууд нүүрсээ бэлдээгүй, бүр ч хохирно. Нүүрсний үнэ ч тэнгэрт хадах байх. Хамгийн гол нь шахмал түлшнээс болж олон хүн амь насаа алдсан байхад хариуцлага ярих хэрэгтэй. Монголчууд тэнэг биш шүү дээ, та нарын буруу, галаа зөв түл гэж хуураад хол явахгүй.
Ер нь манай хууль хяналтынхан та нарын буруу, та нар өөрсдөөсөө боллоо гэж хэлж сурсан юм байна лээ. Манай “нарантуул зах” дээр гал гарахад та нарын буруу, цахилгааны утаснаас болсон байна гэсэн. Гэтэл бүгдийг нь салгасан, зүгээр байсан. Өөрсөд рүү нь түлхэж хаяад буруутныг шалгах ажлаа хийхгүй байна. Иймээс 2020 онд ард түмэн сонголтоо л зөв хийх хэрэгтэй. Энэ хоёр намыг дахиад гаргавал хэцүү. Сонгуулийн хувьсгал хийж энэ байдлыг өөрчлөхөөс өөр гарц байхгүй. Шинэ хүмүүс гарч ирж байж л одоогийн байдал өөрчлөгдөнө.
Л.ХЭРЛЭН