МАН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын 2020 оны төсвийн тухай хууль, гадаадад суух зарим элчин сайдуудын томилгоо гэсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Төсвийн хуулиар зарим орлогуудыг нэмж, зарим зардал бууруулах саналуудыг гаргасан. Ойролцоогоор 250 тэрбумын зардал танаж, тэр хэмжээний орлого, санхүүжилт оруулах боломжуудын талаар ярилцлаа. Ингэхдээ Эрүүл мэндийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийхийг бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ. Мөн нийслэлд зургаан ЕБС барихад төсөв гаргах саналыг дэмжихээр болсон байна.
Ерөнхийлөгчөөс санал оруулж ирсэн зургаан Элчин сайдын нэрийг бүлгийн хурлаар дэмжлээ. Элчин сайдуудын нэрийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцээд дэмжвэл томилох юм.
Харин нийгэмд маргаан дагуулаад байгаа Ашигт малтмалын тухай хууль дээр Цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулан уг хуулийг дахин өөрчлөх асуудлыг хөндсөн. Хуулийг өөрчлөх ажлын хэсэг энэ 7 хоногтоо багтааж өөрчлөлт оруулна гэлээ.