Хонконгийн ардчиллын төлөө жагсаалыг удирдагч Жошуа Вонг орон нутгийн сонгуульд оролцохыг хориглосноос хойш хэд хоногийн дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд ардчиллыг дэмжигч иргэдийн жагсаал ширүүн мөргөлдөөнөөр үргэлжлэв.
Ням гарагт болсон жагсаал бямба гарагийнхаас тайван болсон ч хутгатай этгээд халдлага үйлдэж дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэйг шархдуулсан хэрэг гарчээ. Хутгатай этгээд Бээжингийн Засгийн газрыг дэмжигч байсан ба халдлага үйлдэх үедээ эх газрын хятадуудын ярьдаг мандарин хэлээр “Тайвань, Хонконгийг нэгтгэнэ” хэмээн хашгирсан байна.
Халдлагын үеэр гэмтэж шархадсан хүмүүсийн дунд ардчиллыг дэмжигч улс төрийн зөвлөлийн гишүүн Эндрю Чиу байсан ба халдлага үйлдсэн этгээд түүнийг чихийг тас хазжээ. Ойр орчимд байсан хүмүүс цагдаа нарыг ирж түүнийг баривчлах хүртэл газар хэвтүүлж зодсон байна.
Хонконгийн Тайку Шинг дүүргийн Cityplaza худалдааны төвд уг халдлага болсон байна. Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар улс төрийн талаар баримталдаг байр сууринд санал зөрөлдсөнөөр уг этгээд биеэ барьж чадалгүй уур бухимдлаа гарган ийнхүү халдлага үйлджээ.
Бямба гарагийн жагсаалын үеэр жагсагчид болон хэв журам сахиулах цагдаа нар мөргөлдөж, муур хулгана болгон ар араасаа нэхэн дайрсан хэмээн эх сурвалжид дурдсан байна. Хонконгийн жагсаал таван сар гаруйн хугацаанд үргэлжилж байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com