Төв аймгийн Батсүмбэр суманд өнөөдөр 11 000 гаруй хүн ам оршин суудаг. Улаанбаатар хотын сүү сүүн бүтээгдэхүүний нилээдгүй хувийг хангадаг тус сумын иргэдийн дийлэнх нь малчид. Жилийн дөрвөн улирал даган нүүдэллэдэг малчдын хувьд хүүхдүүдээ тохилог дулаахан дотуур байранд суулгах сонирхолтой ч харамсалтай нь саяхныг болтол "хүссэн" байр нь байсангүй
Батсүмбэр сумын хүүхдүүдэд хүрэлцэхээр сургууль цэцэрлэг байсан ч өсөн нэмэгдэж байгаа хүн амын суурьшлаас хамаарч сургуулийн хүүхдийн анги танхим, ширээ сандал хүрэлцэхээ больжээ. Иймд тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболдод хандаж сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлтийг 2012 оноос эхлэн тавьжээ. Өнгөрч буй 3 жилийг БСШУСЯ-аас "Их бүтээн байгуулалтын жил" болгож, улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхэд багачууд хүрэлцэхээр сургууль цэцэрлэгийг нэмж барьж буй.
Сумын иргэдийн хүсэлт ирэх онд "биелнэ". Учир нь сумын хуучин сургуулийн дэргэд 4,9 тэрбум төгрөгийн өртөгтэй 920 хүүхэд сургах хүчин чадалтай шинэ сургууль баригдаж эхэлжээ.
Дэргэд байх энэхүү цоо шинэхэн барилга бол сургуулийн хүүхдийн дотуур байр. Төв аймгийн хамгийн том сум болох Батсүмбэрчүүдийн дийлэнх нь малчид учраас малчдын хүүхдийг сургах 75 ортой дотуур байртай байжээ. Гэвч 100 гаран хүүхэд шахцалдана. 2015 онд 1,2 тэрбумын өртөгтэй 120 хүүхдийн ортой цоо шинэ дотуур байр барьжээ. 2019 оны хичээлийн жилд л гэхэд Батсүмбэр суманд 283 хүүхэд шинээр элсэн орсон гэхээр дотуур байранд суух сурагчдын тоо үүнээс хол давна. Иймд дотуур байрны хүрэлцээг дахин нэмэгдүүлж 160 хүүхдийн ортой энэхүү байрыг барьж дуусаж байна.
Батсүмбэр сумын сургуулийн хичээлийн Б байрны залны дээвэр хуурч унасан байсныг шинэчилж байгаа ажээ. Гадна фасадны засварт 193 сая төгрөг шаардлагатай бөгөөд уг хөрөнгө мөн л БСШУСЯ-ны багцаас гарчээ.