“Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг маргааш өглөө 10.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд хийхээр болжээ. Сонсголд ОБЕГ, НИТХ, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг судалсан эрдэмтэн судлаачид, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Тавантолгой түлш ХК, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Мөн сайжруулсан түлшинд угаартсан байж болзошгүйгээр амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн болон угаартаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүс оролцож сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өөрсдийнхөө байр сууриа илэрхийлэх юм. Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 01-ний эхлэн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон бөгөөд нүүрсний оронд сайжруулсан түлшийг нийлүүлж байгаа билээ. Сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш Нийслэлийн агаарын чанар огцом сайжирсан боловч уг түлшинд угаартсан байж болзошгүйгээр найман хүн нас бараад байгаа юм.