Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ханджээ. Учир нь тус сумын малчдын гол бүс нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын өлгий нутаг уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа ажээ.
Галуут сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчээ.Харин 2009 онд “Урт нэртэй” хуулийн хүрээнд лиценз нь түдгэлзсэн ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргэсэн байна. Түүнээс хойш “Тулга жаргалант”, “Эрдэнэ хулгана интернэйшнл” гэх компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар дээрх нутаг руу удаа дараа дайрсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөг хүрчээ.
Уг нь Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 10-р сарын 05-ны тогтоолоор дээрх газар нутаг багтсан нийт 28860 га газрыг 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Гэвч өнгөрсөн зун, намраас эхлэн “Эрдэнэ хулгана интернэйшнл” компани дахин үйл ажиллагаагаа явуулахаар зэхэж, газар нутаг руу нь дайрч эхэлсэн байна.
Хэрэв энд уул уурхайн олборлолт яваад эхэлбэл багийн 120 орчим малчин өрхийн малаа бэлчээх талбай, 20 гаруй өвөлжөө, хаваржаа, Бөөнцагаан нуур, Байдраг, Галуутын голуудын цутгал, Хангайн нуруунаас эх авсан Өлзийт голын ай сав, рашаан булагтай, отрын бүс нутгт аюул нүүрлэх юм.
Иймд “Гацуурт” ХХК-ийн MV011917 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаж, уул ус, ургамал амьтдаа аварч үлдэхэд туслахыг Галуут сумын иргэд Улсын Их Хурлын даргаас хүсчээ.