Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа 10-р сарын 30-ны өдөр хуралдуулж “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлтийг гаргасан юм. Харин Үндсэн хуулийн уг шийдвэр багагүй маргаан дагуулж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараахан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа ихээхэн ноцтой мэдэгдэл хийсэн.
Тэрээр:
“Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр Ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ!!!
Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ!” хэмээн мэдэгдсэн билээ.
Түүнийхээр бол улсын төсвийг 1,3 их наядаар дутаах адгийн шийдвэрийг Цэц гаргасан болж таарч байна.
Гэвч Үндсэн хуулийн цэц уг шийдвэрээ өнгөрсөн 6-р сарын 28-нд дунд суудлын хуралдаанаараа гаргасан. Өөрөөр хэлбэл, “Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэж 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргасан гэсэн үг.
Нэг үгээр, Сангийн сайд төсөв дутлаа гэж гонгинохоосоо өмнө Цэц дээр маргаантай байгаа асуудлыг эрсдэлд тооцож, төсвөө төсөөлөх ёстой байсан хэрэг.
Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр/АМНАТ/-ийн 5 хувийн татварыг зөвхөн олборлогч этгээд төлөх заалттай. Харин өнгөрсөн 3-р сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж АМНАТ-ийг дан ганц ашигт малтмал олборлогчоос авах бус ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, банкинд алт тушаасан этгээдүүд төлж байхаар тусгаж өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, АМНАТ-ийг өмнө нь нэг газраас/зөвхөн олборлогчид/ л авдаг байсныг олон газраас авах зохицуулалт хийгээд, тэр хэрээр татвар өснө гэж тооцоолсон хэрэг. Ингээд 2020 оны улсын төсөвт асар өндөр буюу 1,3 их наядыг АМНАТ-аас олно гэж тооцоолжээ.
Гэвч төсөв ярьж эхлэхээс өмнө цэцийн шийдвэр гарчихсан байсан учир Сангийн сайд төсөвтөө АМНАТ-ийн орлого 1,3 их наяд болно гэх тооцоо гаргаж хөөрцөглөх хэрэггүй байсан гэсэн үг.
Ядаж л эрсдэлээ тооцоолоод өмнө нь ганц газраас/олборлогчид/ авдаг байсан татварын хувь хэмжээгээр тооцоолоод л төсөвтөө багаар тусгаж өгөхөд болох байлаа. Харин өнөөдөр хий хөөрөгдсөн төсөв тавьсныхаа дараа Монголоор нэг хашгирах хэрэг байхгүй л болов уу?
Дээр үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлын талаар бид Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагаас тодруулга авсан юм.
Тэрээр:
“Цэцийн шийдвэрээс болоод төсөв дутахад хүрээд байна гэдэг нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй асуудал. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр их суудал дээр өөрчлөгддөггүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг УИХ хэлэлцэхдээ “ямар шалтгааны улмаас хүлээн авсан эсвэл хүлээж аваагүй” гэдгээ бичих ёстой юм. Гэтэл УИХ хэзээ ч тайлбараа бичдэггүй. “Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд л болоо. Тиймээс Үндсэн хуулийн цэц дунд суудлын шийдвэрээ өөрчлөхгүй байхаас өөр аргагүй. Цэц дээр ахиад маргах гээд маргах шалтгаан гардаггүй гэсэн үг. Тиймээс цэцийн шийдвэрийг эсэргүүцээд, дургүйцээд байх зүйл байхгүй. Цэц рүү довтолсон, үзэн ядсан, хялайх зүйл хаа сайгүй бий л дээ. Гэхдээ цэц ухаантай, бодитой ажиллахад болно”...
Түүний энэ тайлбараас харвал, АМНАТ-ийг авахгүй дээрээ тулбал буруутан нь цэц биш УИХ болж таарах нь. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй шалтгаанаа тодорхой тайлбарлаад өгсөн бол Цэц өөр шийдвэр гаргаж болох байж.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “попорч” хашгираад байгаа шиг зүйл хараахан болохгүй бололтой. Учир нь Уул уурхайн үндэсний ассоциаци өнөөдөр/2019.11.01/ мэдэгдэл гаргаж “АМНАТ-ийг уул уурхайн компаниуд зохих журмын дагуу төлдөг, төлсөөр байгаа, цаашид ч төлөх болно” гэдгээ илэрхийлжээ.
Уйлахад шалтаг хэрэгтэй учир сонгуульд зориулсан төсвийн төсөөлөл гаргасан сайд ирэх онд төсөвт нь асуудал үүсвэл энэ алдаанаас эртхэн бултах аргаа олж “миний алдаа биш Үндсэн хуулийн цэцийнх шүү” гэж харагдуулахын тулд хэт их хөөрцөглөсөн болж таарав уу даа.
Мэдэгдэлийг бүрэн эхээр нь: