АНУ-ын цэргийн тусгай ажиллагаагаар Исламын улс зэвсэгт бүлгийн толгойлогч Абу Бакр аль Багдадийг устгасны дараа тус бүлгийнхэн шинэ удирдагчаа нэрлэжээ. Исламын улс бүлэг аль Багдадийн залгамжлагчийг Абу Ибрахим аль Хашеми аль Кураши хэмээн мэдэгдсэн байна.
Тус бүлгийн гишүүд өмнөх удирдагчаа үхсэн гэдгийг албан ёсоор зарлаж шинэ удирдагчдаа итгэл үзүүлж, түүнийг хүндэтгэн дагана гэдгээ амлан тангараглахыг исламын шашинтнуудад уриалжээ.
Америкийн аюулгүйн хүчин шинэ удирдагчийн нэрийг бүртгэлд байхгүй гэж үзсэн байна. Тиймээс Абу Ибрахим аль Хашеми аль Кураши нь зохиомол дайн тулааны холбогдолтой нэр байж магадгүй гэж үзжээ.
Түүнчлэн шинэ удирдагчийн зураг, бусад дэлгэрэнгүй мэдээлэл баттай биш ч жихадистуудын дунд нэр алдартай нэгэн гэсэн байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд АНУ-ын эсрэг зэвсэг барин байлдаж тулалдаж байсан ахмад дайчин гэдгийг эх сурвалж баталжээ.
Шинэ толгойлогчийн нэрэнд багтсан аль Кураши гэдэг үгийг исламын зөнч Мухаммадын Кураяш овгийн нэртэй уялдуулан өгсөн гэж үзэв.
Хэдийгээр Исламын улс зэвсэгт бүлгийг тараах, устгахаар олон улсын эвсэл тэмцэж байгаа ч 14,000-18,000 хүртэл гишүүн Ирак, Сирийн бүс нутагт нуугдаж байгаагийн дунд гадаад орны 3,000 хүн багтсан гэж АНУ саяхан мэдээлжээ.
Эх сурвалж: www.bbc.com