Монголын үндэсний фронт ТББ өчигдөр гуравдугаар хурлаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан, ард түмний эрх ноцтой зөрчигдөж, улс төр, эдийн засгийн мухардалд орсон гэсэн дүгнэлтийг гаргалаа. Иймд тус фронт цаашид хурал, уулзалт хийж тайван суухгүй, тэмцлийн шугам дээр гарна. Улс орноо ийм байдалд оруулсан УИХ-ыг тарааж, Ардын түр хурлыг байгуулахын төлөө нэгдэж тэмцэнэ гэж Монголын үндэсний фротын тэргүүн бэлтгэл хошууч Б.Баярмагнай мэдэгдлээ.
Монголын үндэсний фронт нь армийн бэлтгэл офицерууд, Ардын Их хурал болон Улсын Бага хурлын гишүүн байсан эрхмүүд, 1992 оны Үндсэн хууль тогтоогчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, Монголын шилдэг сэхээтнүүдээс бүрдсэн олон мянган гишүүнтэй. Үүний өмнө хоёр удаа хурал зохион байгуулж, нийгэмд хандан мэдээлэл хийж байсан юм.
Өргөтгөсөн гуравдугаар хуралдааны эхэнд Үндэсний фронтын дэд тэргүүн н.Батсайхан фронтыг байгуулсан үзэл санаа, зорилго, шалтгааныг танилцуулсан юм. Тэдний зорилго нь монгол үндэстэн оршин тогтнож ирсэн, цаашид ч оршин байх үнэт зүйл, үндэсний аюулгүй байдлын баталгааг сахин хамгаалахад чиглэсэн. Мөн нийт монгол үндэстнийг бүрдүүлсэн 100 гаруй мянган жилийн түүх, монголчуудын оршин амьдарч ирсэн голомт нутгаа хамгаалж, бүрэн бүтэн байлгахыг гол зорилгоо болгосон.
Түүнчлэн хэл соёл, ёс заншил, түүнийг урт удаанаар байлгаж ирсэн өвгөдийн ухаан, түүх, дархлаагаа хамгаалахад үргэлж анхаарч ирсэн. Энэ цаг үед эх орон, улсынхаа эзэн болсон Монголын ард түмэн улс орондоо эзэн шиг байж, сайн сайхан амьдрах нөхцөл бүрэн хангагдаж чадсан уу гэдэгт Монголын үндэсний фронт сонор сэрэмжтэй хандаж харуулын үүргийг гүйцэтгэж байгааг тэрээр онцлон тэмдэглэлээ.
Өнөөдөр Монгол Улс оршин тогтнож байгаа ч энэ газар нутаг дээр монгол хүн байхгүй бол улс орны хувь заяаны асуудал яригдахгүй. Иймд монгол хүний асуудал нэн тэргүүнд зүй ёсоор тавигдана. Тиймээс нэгдүгээрт монгол хүнээ хамгаалах ёстой. Өөр нэг асуудал нь улс орны онцлогт тохирсон эдийн засгаа хамгаалан бэхжүүлэх учиртай. Монгол Улс ийм үнэт зүйл дээр тогтож ирсэн. Үүнийг Монголын төр үеийн үед хамгаалж ирсэн бол өнөөдөр энэ байдал суларсан гэж Үндэсний фронтынхон үзэж байна. Хуралдааны эцэст тогтолцоог өөрчлөх шаардлагатай, УИХ-ыг тараан хоён танхимтай парламент бүхий Ардын түр хурал байгуулах ёстой. Улс орноо эрс шинэчлэхийн төлөө ирэх сарын 7-нд Бүх нийтийн жагсаал зохион байгуулах ажлыг Удирдах зөвлөлдөө даалгав. Тэдний байр суурийг хүргэе.
-Үндэсний фронт ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэв?
-Гуравдугаар хурлаар Үндэсний фронт үүсэх болсон нөхцөл шалтгаан, цаашдын үйл ажиллагааны зорилгыг хэлэлцлээ. Нийт гишүүд, дэмжигчдийн байр суурийг сонслоо. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж шийдвэрээ гаргасан. Монголын ард түмэн өнөөдөр ямар байдалд тулчихав.
Ахуй амьдрал, улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын хувьд ямар хэмжээнд тулж ирэв. Төрийн байгууллагууд, төр, засгийн удирдлагууд ямар байдалтай улс орноо удирдаж байна, ямар гажуудалд оров. Шударга ёс хэрхэн Яаж алдагдав гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Иргэдийн санал дүгнэлтүүдийг ч бид авсан. Дараагийн шийдвэр бол цаашид тайван замаар тэмцэх биш, тэмцлийн шугам дээр гарах нэлээн хатуу шийдвэрийг гаргалаа.
-Үндэсний фронт байгуулагдсанаас хойш хоёр ч удаа хуралдсан. Энэ удаа өргөтгөсөн хуралдаан хийж байна. 21 аймаг дахь салбар зөвлөлөөс төлөөлөл ирсэн. Энэ хурлаас бид тодорхой гарц гаргалгаа дэвшүүлж, шийдэлд хүрэхээр цугласан. Өнөөгийн төр, засгийн удирдлага улс орноо тайван замаар колоничлолд оруулчихлаа. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж гаднах байдлаараа харагдаж байгаа ч бодит байдалд бид тусгаар тогтнолоо алдчихаад байна.
Эдийн засгийн тусгаар тогтнолыг бүрэн алдсан. Олон улсын валютын сангийн хараат улс болчихлоо. Газар нутгийн бүрэн бүтэн байдал гэвэл үндсэндээ 70 гаруй хувийг нь лицензээр тавиад туучихсан. Хүний эрх, түүх соёлын үнэт зүйлээ алдсан. Хамгийн гол нь төрийн хар хайрцагны бодлого гэж байхгүй болсон. Эрлийз, хурлийзуудыг төрдөө гаргаж, тэр нь хууль хүчний байгууллагад нэвтэрсэн. Энэ нь үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байна.
Өнөөдөр гадаадын иргэд хэдэн зуугаараа зочид буудалд байршаад нууц ажиллагаа явуулж байсан нь илэрлээ. Энэ наад захын жишээ. Хоёр зочид буудлаас илэрсэн нь энэ болохоос бүх аймаг, суманд байна. Дээр нь биднийг авч явж байсан гол түүхий эд мал, махны асуудлаа бусдад тавиад өгчихлөө. Бүх зүйлээр урд хөршөөс хараат боллоо. Малаа амьдаар гаргаж болох ч тооцоотой хандах ёстой. Энэ бүхэн алдагдсан учраас энэ завхралыг арилгая. Төрийг өөрчилье, тунхаг гаргая. УИХ-ыг тараахаас өөр гарцгүй.
Өнөөгийн УИХ хууль бус, 60 тэрбумаар төрийн эрхийг авсан гэдгээ батлаад М.Энхболдыг сольсон. Тэрийг олон нийт төр цэвэрлэгдлээ гэж харсан, гэтэл үгүй юм.Тэр бол косметик цэвэрлэгээ байсан. Иймд бид цаашид ярьж суух биш өөрчлөлтийг эхлүүлэхээр боллоо.
Ч.ЗОТОЛ