Хятадад айдас төрүүлж, адреналин ялгаруулдаг адал явдалд дурлагчдад зориулсан шилэн гүүрүүд, тавцан, дээврүүд олон бий. Гэвч эрх баригчид шилэн гүүрнээс хоёр хүн унаж амиа алдсан осол гарсантай холбогдуулан Хэбэй мужид байдаг 32 шилэн гүүр, тавцанг хаах шийдвэрийг гаргасан байна.
CCTV мэдээллийн сувгийн дамжуулснаар өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Хэбэй мужийн аялал жуулчлалын төв болсон шилэн тавцантай 24 газрыг өнгөрсөн оноос хойш хаагаад байжээ.
Урд хөршид жуулчдын сонирхлыг татах үүднээс барьж байгуулсан шилэн тавцан бүхий 2,300 орчим газар байдаг гэж ВВС мэдээлэв. Хуньань мужид байдаг Жанжиаже гүүр нь дэлхий дээр байдаг хамгийн урт буюу 430 метр шилэн тавцантай гүүр бөгөөд 2016 онд ашиглалтад орж байсан өдөртөө л 8,000 орчим жуулчин ирдэг аялал жуулчлалын төв юм.
Гэвч энэ оны эхэнд Гуанши мужид байдаг өөр нэг гүүрэн дээрээс нас биед хүрсэн эрэгтэй унаж амиа алдан, зургаан хүн бэртжээ. Бороо их орсны дараа шилэн гадаргуу хальтрамтгай болж эрэгтэй хамгаалалтын хаалтан дундуур гулсаж доош унасан тохиолдол гарсан байна. Мөн 2017 онд Хубэй мужид шилнээс гулсаж, нэг жуулчин осолдож амиа алджээ.
Жанжиаже гүүрийг ашиглалтад орохоос өмнө дэлхийн хамгийн урт шилэн гүүр байсан Хонгяагу Хэбэй мужид хаагдсан гүүрнүүдийг нэг юм. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр зөвхөн Хэбэй мужаас гадна улс орон даяар аюулгүй байдлын шаардлага хангаагүй бусад шилэн тавцан, хавтан бүхий гүүрүүдийг ч хаасан байна.
Эх сурвалж: www.bbc.com