Япон улсын Окинава аралд байдаг дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй Шури шилтгээн шатаж төв ордны барилга сүйдсэн байна. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний есөн цагт гал сөнөөгчид түймрийг гүйцэд унтраахаар ажилласаар байсныг ВВС мэдээлжээ.
Рюкю гүрний үеэс буюу 500 жилийн тэртээгээс улбаатай түүхийн дурсгалт орд харшийг 1933 онд үндэсний бэлгэ тэмдэг, үнэт зүйл болгон дархалсан юм. Ордонд гарсан түймрийн үеэр хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсний ачаар иргэд гэмтэж бэртээгүй байна.
Шури харш дэлхийн хоёрдугаар дайнд Окинавагийн тулаанд өртөж устаж байсан удаатай. Одоо байгаа орд харш нь 1990-ээд оны үед дахин сэргээсэн барилга юм.
Ордны барилгын өмнөд болон хойд хэсэг модоор хийгдсэн тул юу ч үгүй болтлоо шатсан гэж Japan Times мэдээлсэн байна. Наха хотын аялал жуулчлалын гол төв болсон харшийн 4,200 м кв талбай түймэрт сүйдсэн ба 10 орчим гал унтраах машин ажиллажээ.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа ч лхагваас пүрэв гарагт шилжих шөнө 02 цаг 30 минутад галын дохиолол дуугарсан байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com, www.japantimes.co.jp