АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Исламын улс зэвсэгт бүлгийн удирдагч Абу Бакр аль Багдадийг устгасан тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байсан ч ажиллагаа хэрхэн явагдсан нь нууц хэвээр байсан юм. Өнгөрсөн долоо хоногт явагдсан тусгай ажиллагааны дүрс бичлэгийг Пентагон анх удаа олон нийтэд дамжууллаа.
Бичлэгээс харахад явган цэргүүд Абу Бакр аль Багдадийн нуугдаж байсан нуувч руу дайрсан байна. Багдади зугтаж хонгил руу орж, тэсрэх бөмбөгтэй хантааз дэлбэлэн өөрийгөө хороосон гэж мэдэгдсэн юм. Цэргийн ажиллагаа дуусчсаны дараа бэхлэлт, нуувчийг агаараас бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилсэн байна. Тусгай ажиллагаанд F-15 байлдааны онгоцууд, MQ-9 Reaper дронуудыг ашиглажээ.
Америкийн Төв командлалын газрын тэргүүн генерал Кеннет МакКензи өмнө нь Багдадийн гурван хүүхэд түүнтэй хамт дэлбэрч амиа алдсан гэж мэдэгдэж байсан бол гурав биш хоёр байсан гэдгийг залруулан мэдэгджээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч Трампын ярьсан шиг Багдади уйлж, шаналж, бархирсан эсэхийг батлах боломжгүй гэсэн байна.
МакКензийн хэлснээр Багдади нүх хонгил руу хоёр бага хүүхдээ авч орон тэндээ өөрийгөө дэлбэлсэн учраас эцсийн амьсгаа авахаас өмнөх хэдхэн секундэд чухам ямар авир гаргасныг баттай мэдээлэх боломжгүй ажээ. Тэрээр үргэлжлүүлэн амиа золиослох зорилготойгоор тэсрэх бөмбөг бэхэлсэн хантаазтай дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй нуувчинд алагдсан ба нисдэг тэргээр галлах үед олон тооны зэвсэгт этгээд амиа алдсан гэсэн байна.
Курдуудын удирддаг Сирийн ардчилсан хүчний тагнуулын мэдээллээр Багдадийн байрлалыг тогтоосон учир уг ажиллагаанд томоохон тус хүргэсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Генералын мэдэгдсэнээр баттай зүйл гэвэл бөмбөг дэлбэлсний дараа нуувчаас дээж авсан ДНХ Багдадийг 2004 онд Иракийн шоронд хоригдож байх үед авсан ДНХ-тэй таарч байгаа юм. Түүнийг амиа хорлосноос хойш 24 цагийн дотор цэргийн тусгай ажиллагааны дүрмийн дагуу цогцсыг нь далайд хаясан гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com