Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн нутагт ой хээрийн түймэр хяналтаас гарснаас болж олон зуун уутат баавгай амьдаараа шатаж үхсэн байж болзошгүй хэмээн зовниж байна. Уг муж нь коала баавгай хамгийн ихээр оршин суудаг нутаг дэвсгэр ажээ.
Порт Маккуарийн орчимд аянга цахилгаан цахиснаас болж ассан түймэрт 2,000 гаруй талбай шатжээ. Сидней хотод түймрийн утаа орж ирснээс харахад Кэти, Иннес нууруудын орчимд түймэр ассаар байж магадгүй гэжээ.
Уутат баавгайн тоо толгой байгалийн гамшиг, цус холилдож эрлийзжих зэргээр буурч байгаа нь үндэсний хэмжээнд авч хэлэлцэх ноцтой асуудал гэж Порт Маккуарийн Коала эмнэлгийн Ерөнхийлөгч Сю Эштон ярьжээ.
Хоногийн ихэнхийг унтаж өнгөрөөдөг коала баавгайнууд аюул тохиолдоход модны орой руу авирдаг. Харин гал моддын оройгоор дамжин шатсан учраас тэд амьдаараа шатаж түлэгдсэн гэж үзжээ. Тэд түймрээс зугтаж амьд гарсан байлаа ч сарвуугаа түлж шархадсан учраас дахин модонд авирах боломжгүй болж байгаа юм.
Лхагва гарагийн өглөөний байдлаар Шинэ Өмнөд Уэльсэд 71 түймэр асч байгаагийн 30-ыг нь цурманд оруулж чадаагүй байна. Тиймээс ахмад настнууд, бага насны хүүхдүүд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийг сануулжээ. Мужийн зүүн нутгаар түймэр өргөн хүрээг хамарсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com