Эрчим хүчний зохицуулах хороо 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаараа 433, 434 тоот тогтоол гаргаж "Гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 0 төгрөг болгожээ.
Мөн аймгийн төв болон, 10000-аас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөхөөр болсон байна. Уг тогтоол 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих юм.
Ингэхдээ шөнийн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна. Харин нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байжээ. Харин 2018 онд 109.213 айл өрх цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ.
Цахилгааны тариф хөнгөлөх арга хэмжээ нь агаарын бахирдлыг бууруулах зорилготой бөгөөд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.