Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтээс санал асуулга авахгүйгээр шууд гуравдугаар хэлэлцүүлэг рүү шилжүүлэхээр тогтсон. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг 11-р сарын 11 гэхэд дуусгахыг холбогдох ажлын хэсгийнхэнд даалгасан юм. Түүнээс хоойш гуравдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой. Тэгвэл гуравдугаар хэлэлцүүлгийг ямар журмаар явуулах вэ гэдгийг танилцуулж байна.
Гурав дахь хэлэлцүүлэг явуулах журам:
15.1.Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг эхлээд сонсгоно.
15.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 246.2-т заасан үндэслэлээр гаргасан саналын томъёоллыг уншиж, томъёолол тус бүрээр санал хураана.
15.3.Энэ хуулийн 15.2-т заасан санал хураалтын дүнтэй санал нийлээгүй Улсын Их Хурлын гишүүн нэг удаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж санал хураалгах эрхтэй. Хэрэв уг санал дэмжигдвэл тухайн зүйл, хэсэг, заалтын найруулгыг сонсож, дахин санал хураана. Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргаж болохгүй.
15.4.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан санал хураалт дууссаны дараа төслийг бүхэлд нь уншиж сонсгон Улсын Их Хурлын дарга зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулна.
15.5.Энэ хуулийн 15.4-д заасны дагуу санал хураахад Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан зүйл, хэсэг, заалтыг батлагдсанд тооцно.
15.6.Энэ хуулийн 15.5-д заасан хувь хэмжээний санал аваагүй зүйл, хэсэг, заалтыг төслөөс хассанд тооцож, энэ тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана.
15.7.Улсын Их Хурлын дарга төслийг уншиж дууссаны дараа төслийг бүхэлд нь батлах саналыг хураана.
15.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.