Чили улсад олон хоног үргэлжилж буй иргэдийн жагсаал тэмцлийг намжаахын тулд Ерөнхийлөгч Себастиан Пинера Засгийн газрын танхимаа халж, сэлгэхээр боллоо. Тэрээр найман яамны сайдыг огцруулахаа мэдэгджээ. Үүнд Дотоод хэрэг, Хөдөлмөр, Спорт, Эдийн засаг, Сангийн яамны сайдууд багтаж байна.
Долоо хоног орчмын өмнө эхэлсэн жагсаалын улмаас 20 гаруй иргэн амиа алдаад байгаа юм. Ерөнхийлөгч хоёр хоногийн өмнө Засгийн газарт сануулга өгсөн боловч жагсаал тэмцэл газар авсаар байсан тул ийнхүү сэлгээ хийхээр болжээ.
Нийслэл Сантьяго хотын төвд, Валпарайсо болон Консепцион хотуудад аюулгүйн хүчнийхэн жагсагчидтай мөргөлдсөн байна. Ерөнхийлөгчийн ордны ойролцоо худалдааны томоохон төв шатаж олон арван гал сөнөөгч галыг унтраахаар ажиллажээ.
Пинера “улс оронд хүнд өдрүүд үргэлжиллээ. Чили улс, Засгийн газар өөрчлөгдөх тул шинэ боломж, шинэ үе ирэх болно. Манай Засгийн газар ард түмний илгээсэн сануулгыг маш ойлгомжтойгоор сонслоо” гэжээ.
Иргэдийг жагсаал хийхэд хүргэсэн метроны үнийг нэмэх асуудлыг одоогоор түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа юм. Гэвч жагсагчид боловсролын салбарын ядуурал, эрүүл мэндийн үйлчилгээний өндөр үнэ, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсаалаа үргэлжүүлсэн.
Тус улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш болж байгаагүй өргөн хүрээг хамарсан жагсаал газар авсан юм. Улс даяар онц байдал зарлаж 30 жилд анх удаа армийн цэргүүд, техник хэрэгсэл гудамж талбайд гарсан байна. Ерөнхийлөгч жагсаал болж буй гол хотуудад шөнийн цагаар хөл хорио тогтоосон байсныг даваа гарагт халжээ.
Эх сурвалж: www.bbc.com