Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом ойн түймрийн улмаас муж даяар онц байдал зарласныг мэдэгджээ.
Салхи ихтэй, цаг агаарын байдал тогтворгүй байгаа тул түймэрт олон арван мянган байшин барилга шатаж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Санта Розагийн ойр орчимд 200,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Тус мужид сая гаруй иргэн гэрэл цахилгаангүй байгаа нь түүхэнд тохиож байгаагүй үйл явдал юм. Цахилгаан, эрчим хүчний компаниуд гэмтэж тасарсан цахилгааны сүлжээ, утаснууд шинээр түймэр тавихаас сэргийлж тоггүй болгоод байгаа юм. Ирэх өдрүүдэд сая орчим оршин суугч цахилгаанаа тасдуулж магадгүй нөхцөл байдал үүсчээ.
Түүнчлэн Сонома хот түймэрт хамгийн их өртсөн буюу 12,000 га талбай шатсан байна. Кинкэйд түймэр Калифорнийн хойд нутагт Номхон далай хий, эрчим хүчний компанийн шугам сүлжээ тасарснаас долоон минутын дараа асч эхэлсэн гэж үзэж байгаа ч баттай биш юм.
Номхон далай хий, эрчим хүчний компани өнгөрсөн жил гарсан мужийн түүхэнд хамгийн олон буюу 85 хүн амиа алдсан Кэмпийн түймэрт буруутгагдвал дампуурлаа зарлахаар бэлдэж эхэлсэн. УГ компаний хуучирсан төхөөрөмжөөс болж гал гарсан тул олон тэрбум долларын өрөнд унаж байгаа юм.
Ням гарагийн байдлаар Кинкэйдийн түймрийн 10 хувийг цурманд оруулж чадсан байна. Хүчтэй салхин шуурга гарсаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг цаг уур судлаачид анхааруулжээ.
Эх сурвалж: www.bbc.com