СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-10-28

Хурдан Найдан уран Найдан болсон түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

БУУРАЛ ХУРАНДААТАЙ УУЛЗСАН МИНЬ

Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочин бол цагдаагийн хурандаа Ц.Найдан юм. Түүнтэй хөөрөлдсөний дараа энэ хүний тухай хөрөг нийтлэл бичих нь надад ховорхон тохиох аз завшаан юм шиг санагдав. Яагаад гэвэл олон сайхан хүмүүстэй уулзаж явахад туулсан амьдрал,хийсэн бүтээснээ ярихдаа яг л эгшигт хайрцагны пянз эргэх шиг содон аялгуутай, чихэнд наалдацтай ярих нь бүр сонин байсан гээч. Бас цаг хугацааны урсгалд хүмүүний орчлон яасан ихээр өөрчлөгдөнө вэ.

Гэтэл буурал хурандаа Цэгмидийн Найдан яг л цэл залуугаараа мэт цог золбоотой сэтгэлгээтэй даруухан ярих нь надад урам өгсөн. Түүнийг Ц.Найдан хурандаа гэхээс “Хурдан” Найдан гэх нь олон илүү танил сонсогдох биз. Спортынхон бол түүнийг сайн тамирчин, хэн бүхэнтэй жишээд байхааргүй амжилтын эзэн гэдгээр нь илүүтэй мэдэх байх.

Бас сайн дасгалжуулагч гэх юм билээ. Гардаж байсан нөхдөөс нь олон сайхан тамирчин төрсөн юм шүү. Өөрийг нь нэгэн үед од байснаар нь хөнгөн атлетикийнх гэх ч шавь нараас нь мундагууд зөндөө. НАХЯ-ны системд хамрагдаж байсан тамирчин олны дундаас аварга, арслан, заан гээд улсын цолтой 38 бөх гарсан байх юм. За тэгээд гүйлтийн олон хүн бий гэх. Өөрөө 100, 200 метрийн гүйлтэд 22 удаа улсын аварга болж байж. Монголдоо Усэйн Болт л байж гэсэн бодол төрнө.

Тухайн үеийн Д.Дондог, улаан Мягмар нар болон өөрийг нь залган гарч ирсэн Дорноговийн Чулуунбанди, Зууннаст, ойн Бямбаа, Энхбаатар зэрэг адуу шиг “амьтад”-тай хурд хувааж явжээ. Хүлэг морьдын тоос тэнгэрт босоо үлддэг гэдэг. Тэгвэл Монголдоо хурдан Найдан хэмээн алдаршсан энэ хүний алдар нэр мөн л “Босоо түүх”-тэй гэж болох нь. Түүх гэснээс өөрийнх нь ярьж байгаагаар хар багаасаа адууны тоосон дунд өндийж яггүй уургач гэгдэж явсны ач гавьяагаар өнөөдрийн буурал хурандаагийн түүх эхэлнэ.

Эхлэх эхлэхдээ бас сонин. Есдүгээр ангийн сурагч байхдаа улсын хэмжээний том тэмцээнд ирж хөл нүцгэн гүйж түрүүлээд алтан медаль авсан гэдэг домог шиг зүйл бий. Эндээс л “Миний тамирчны замнал эхэлсэн” гэж Ц.Найдан хурандаа ярина лээ.

Залуу тамирчин Ц.Найдан. 1964 он.

 

СПОРТЫН ГАРАА БУЮУ АЛТАН МЕДАЛЬТ ХҮҮ

1964 онд Монголын бүх ард түмний II спартакиад болоход би Мандалговь хотын сургуулийн сурагч байв. Тэгээд уг спартакиадад ирж оролцоод түрүүлсэн минь л үнэн юм. Одоо ярихад домог шиг юм даа гэж Ц.Найдан гуай дурсаж байна. Ёстой л хөдөөний хөөсөн мантуу гэгч байсан даа би. Улаанбаатар хотыг ч үзээгүй байв. Хотод ирлээ гэсэн. Толгой нь бүр эргэчихсэн. Нэг л олон хойшоо харсан хаалгатай гэр байшин, өөрөө зүүн, баруун хаашаа явж байгаагаа мэдэхгүй хөөрхий гэхээр “амьтан” даа.

Тэр хөлгүй том тэмцээний 100, 200 метрт гүйсэн. Уралдахдаа еэвэн ботинкоо тайлаад, хадаастай гүйлтийн ботинк өмсөх гэсэн чадамгүй. Тэгэхээр нь оймс ч үгүй хөл нүцгэн уралдсан. Түрүүллээ л гэсэн, алтан медаль хослуулж зүүлээ л юм болсон. Яг л зүүд шиг байж билээ гэж тэр хуучлав. Одоо яривал хүн үнэмшихгүй байх. Тэр үед кино гарахын өмнө гардаг кино журналд миний яг тэр медаль авч байсан үе баримт болж мөнхрөн үлдсэн байдаг юм гэж сонирхуулан ярилаа.

Миний ид уралдан түрүүлдэг байсан үед сүлд дуулал эгшиглэж, туг өргөж байсан цаг шүү дээ. Танигдаж гарч ирсэн нь би л болохоос надаас өөр мундаг, аугаа хүмүүс манай нутагт их бий. Говийн гурван хар нэг бүгээн гэдэг хочтой. Намайг бүгээн гэхгүй байх. Тэгэхээр гурван харын нэг нь болж таарч байна гээд инээмсэглэв. Ерөөсөө манай говь нутаг чинь ийм хурдан удамтай. 100, 200 метрийн гүйлтэд надтай өрсөлдөж байсан тамирчид дандаа говийнх байсан.

Сонин юм шүү. Гэхдээ энэ нь адуутай холбоотой байх гэж боддог юм. Одоо гүйлтийн тэмцээнд амжилттай оролцоод байгаа Кени, Ямайкийн тамирчид ан хийх гэж гүйсээр байгаад хурдан болчихсон гэдэг шиг би адуу хөөж байгаад л гүйдэг болж гээд инээв. Харин намайг анх тэмцээнд орж байхад манай нутгийн Лувсан-Иш гэдэг биеийн тамирын багш дасгалжуулдаг байсан. Хот руу тэмцээнд явах болоход Дундговийн биеийн тамир спорт хорооны орлогч дарга Х.Зүмбэ, аймгийн арслан Х.Цэнд-Аюуш гээд хүмүүстэй очиж байлаа.

Дараа нь улсын шигшээ багийн тамирчин болоход н.Төмөр, Ч.Найдан гэсэн хүмүүс дасгалжуулагчаар ажилладаг байсан. Ч.Найдан ч мундаг хүн байсан шүү. Энэ хүн 1964 онд болсон Токиогийн XVIII олимпод Монгол Улс анх удаа оролцоход шигшээ багийн тамирчид бас намайг бэлтгэж байсан юм. Би харин бэлтгэл сургуулилт хийж байгаад наршсан учраас явж чадаагүй гээд дуу нь зөөлрөв. Бид бэлтгэлээ цэнгэлдэх хүрээлэнд өдөрт 3-4 цагаар хийдэг байсан шүү. Мөн энэ олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байсан 24 тамирчныг төрийн тэргүүн Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаж байлаа шүү дээ.

Тэр үед улсын биеийн тамир спортын хорооны дарга байсан н.Норолхоо гэдэг хүн бидэнд та нарыг Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзана гэснээр Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аварга тэргүүтэй тамирчид орж байлаа шүү дээ. Буурал дарга ч тэр хоёртой гар бариад, үнсэж, баяр хүргээд л. Тэгснээ намайг хараад “Энэ ямар жаахан хөөрхөн золиг вэ. Гэр орноо санаад явж чадах юм уу даа та минь ээ” гэж байсан даа хэмээн дурсамжийн салхи сэвэлзүүлэв. Тэгээд надад нэг цаг бэлэглэснийг аавдаа аваачиж өгөхөд аав минь “Пээ төрийн тэргүүн, ийм аугаа хүний гараас ийм юм авдаг” гээд даллаганыхаа уутанд хийж байлаа.

Тэрнээс хойш 56 жил өнгөрч. Ингэж л намайг улсын биеийн тамирын хорооны улсууд бэлдэж байлаа. Аугаа тэр хүмүүсийн буян заяа надад их шингэсэн гэж бахархан ярив. Хоршоолол, нийгэмлэгт харьяалагддаг байсан учраас тамирчид ямар нэг ажил хийдэг байв. Тэнд Увс аймгийн харьяат н.Гүнжээ гэж ёстой мундаг хүн байсан. Тэр хүн надад их үр өгөөжөө өгсөн дөө. Яасан гэхээр за чи ингэж байхгүй ээ гээд мань хүнийг Зоос гоёл чимэглэлийн тэнд байсан гутлын үйлдвэрт нормчноор ажиллуулжээ. Нямаа гээд эмэгтэй дарга нь байсан тэр үйлдвэрт 2-3 сар ажиллаад, гутлын эсгүүрчин болжээ.

Тэгж ажиллаж байтал үйлдвэр нь татан буугдаад Урт цагаанд гутлын зан засварчнаар өгдөг юм. Одоо тэр хавиар явахаар би энд жинхэнээсээ юм юм сурсан даа гэж бодогддог юм гэв. Тэр үе Урт цагааны зүүн үзүүрт Солонгос гэж ресторан байсан. Тэрний баруун үзүүрээс эхлээд гутал занчингаар жил гаруй ажилласан. Энэ ажлыг надад зааж сургасан миний багш гавьяат эмэгтэй одоо хүртэл бий. Тэнд нэг сар гаруй ажиллаад гурван сараар чөлөөлөгдөөд тэмцээнд явж байгаа юм.

Тэгээд 1966-1975 он хүртэл есөн жил Багшийн дээд сургуульд сурч төгссөндөө гэв. Есөн жил сураад сургуулиа төгстөл нэг асуудал үүсч. Тухайн үед сургууль төгссөн бол хөдөө “хөөгддөг” байж. Гэтэл дөнгөж сургуулиа төгссөн мань хүн хаана очих нь тодорхойгүй сар шахам болжээ. Гэтэл энэ нь цаанаа нарийн учиртай НАХЯ-наас мань хүнийг шалгаж байсан байна. Яагаад шалгах болов гэвэл 1971 онд ах дүүс нь гэр бариад найр наадам хийж, морь уралдуулжээ.

Тэр үед оюутан байхдаа хүн дагаж хөөмөл хийж сурсныхаа хэргийг гаргаж зэс хөөмлөөр медаль хийгээд таван моринд өгөөдхөж. Тэгсэн хэрэг бишдэж арваннэгдүгээр сард НАХЯ-наас дууджээ. Яваад очтол чи яасан дураараа амьтан бэ. Улсын баяр наадмаар ч өгдөггүй медалийг чи яахаараа дураараа хийдэг юм гээд баахан загнуулсан байна. Түүгээр ч зогссонгүй дахин хийхгүй гэж гарын үсэг зур гэжээ. Гэвч энэ хэрэг тэгээд мартагдсангүй. 1975 оны арванхоёрдугаар сард дуудаад дахин ийм юм хийхгүй гэж бич гэж. Гэхдээ энэ нь намайг шалгаж байсан юм билээ гэж буурал хурандаа хэлээд инээв. Ингэж хөглөж явлаа шүү дээ. Гэхдээ энэ нь намайг энэ байгууллагад ажиллах боломжийг нээж өгсөн юм шүү дээ гэв.

Хурандаа Ц.Найдан.

 

САЛААН ЗАХИРАГЧААР ТОМИЛОГДОВ

Хүн гэдэг амьтан хувь тавилангаа өөрөө мэддэггүй гэдэг. Ийнхүү гараараа зэс хөөмлөөр урласан медалиа моринд гардуулж байсан залуу эрийг нэгэн өдөр НАХЯ-наас дууджээ. Залуу эрд тэнд ажиллах хувь заяа байсан юм байлгүй. Хоёр сар гаруй болж байгаад энэ яамны VI хэлтэст томилогдон очсон байна. Гэвч энэ албыг барахгүй юм байна гэдгийг мэдсэн юм байлгүй. Зурагтын эцсийн буудалд байсан Хилийн цэргийн 0208 тусгай салбар гэж биеийн тамирын анги байгуулагдсан.

Тэнд намайг салаан захирагчаар шилжүүлсэн дээ. Ингэснээр надад цэрэг, цагдаа хүчний байгууллагаас хоол олж идэх хувь заяа тохиосон юм шиг байна гэж хурандаа дурсав. Ер нь НАХЯ намайг тэгж дуудаагүй бол энд байх ч үгүй байсан юм билүү гэж тэрээр хэлнэ лээ. Моринд бай шагналын медаль өгсөн тухай орон нутаг сумын удирдлагаас НАХЯ-нд матаас очсон аж. Тэрний мөрөөр Ц.Найданг дуудаж шалгаж байсан юм байна лээ. Энэ ч бас түүх шүү. Салаан захирагчаар 2-3 жил ажиллав.

Их дэлгүүрийн ар талын мэргэжилтний цагаан байрны хонгилд тамирчид бэлтгэлээ хийдэг байжээ. Тэгэхэд ангийн захирагч маань дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнгээ бэлтгэл хийх газраар тааруухан, хүнд нөхцөлтэй тэр үед Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, Д.Хишигдорж, Ч.Бямбадорж заан эд нар түүний гараар орж загнуулаад бэлтгэлээ хийдэг байсан гэх. Одоо тэгвэл тэд Халхын сайхан бөхчүүд болсон байна шүү дээ. Хурандаагийн үгнээс тэднээрээ бахархах сэтгэл мэдрэгдэж байлаа.

Хал үзэж хашир суусан хүний хувьд хүн ер нь хатуу гараар ормоор юм байна шүү. Дандаа толгойгоо илүүлээд байсан хүн өөдтэй явдаггүй юм шиг байна шүү гэж хэлнэ лээ. Дараа нь салаан захирагчаас дэвшиж ангийнхаа захирагч болсон байна. Ангийн захирагч болно гэдэг хатуухан хоол. Тэрээр хилийн цэрэгт орсноор хоёр зүйлийг их сайн сурсан нь цаг нарийн барих, хувцсаа цэвэрхэн өмсч сурсан аж. Дараа нь 1989 онд бүтэц зохион байгуулалтад нь өөрчлөлт орж биеийн тамирын анги нь татан буугдсанаар цагдаагийн байгууллагад шилжиж ажилласан байна.

Тэр үед “Хүч” нийгэмлэгт одоо улсын прокурор Энхамгалангийн аав Магванноров сайн дасгалжуулагч өгчих гэсэн хүсэлт тавиад 10 гаруй дасгалжуулагчаас Найданг сонгожээ. Гэвч цагдаад очоод сар ажилгүй байж. Учир нь тухайн үед адил нэртэй багштайгаа овог андуурагдсанаас болоод тэгсэн юм байж. Цагдаагийн байгууллага надад их юм зааж сургасан. Хүнтэй харьцах, мэдрэмжтэй болгосон гэж тэрээр ярьсан юм. Мөн хилийн цэрэг, цагдаагийн байгууллагад байсан учраас би энэ хоёр газраар их бахархдаг гэж байлаа.

Цагдаад ирэхдээ бие бүрэлдэхүүний бие бялдар хариуцсан гадны сургалтын чиглэлийн ахлах байцаагч гэсэн орон тоон дээр ажиллахаар ирж байжээ. Ингэж шинэ газар ирснээр хаана ямар спортын холбогдолтой арга хэмжээ болно түүнийг зохион байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллав. Мөн цагдаа, марш тактикийн тэмцээнийг анх санаачлан зохион байгуулж байсан байна. Тэнд л Найдан ямар чадвартай нь шалгагдсан аж. Бас гарын дүйтэй болж лого тэмдэг урлах болсон нь тэндээс эхтэй. Өөрөө ч “Миний хөдөлмөрийн жинхэнэ үр шим тэр үеэс л харагдсан даа” гэж боддог хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

ДУУТАЙ ХУУРТАЙ НУТГИЙН УРАН ГАРТ ХУРАНДАА

Эхнэр Ц.Цэвээнбалжидын хамт.

Дундговийнх гэхээр хүмүүс дуутай хууртай нутгийн хүн юм байна. Найранд гурван дугараатай биз дээ гэлцдэг. Харин Найдан дуулдаггүй цөөнхийн нэг нь. Гэхдээ ухааны болон гарын уртангуудын эгнээнд тэр багтдаг.

Найдан дан цагдаа цэрэг, хилийн байгууллагад ажиллаж, гүйлтийн спортоор хичээллэж нэрээ гаргаж явах нь дутмаг юм гэж боджээ. Тэгээд ухаанаа чилээж гарын ур дүйгээ ашиглаж эхэлсэн байна. Ажигч гярхай, утга агуулгыг харгалзан үзэж, түүхийг нь судалж байж хийдэг тэрээр албан байгууллагын лого тэмдэг, ойн медаль, их, дээд сургуулиудын ромбо гээд 200 гаруй зүйл урлаж.

Тэртээ 1943 оны есдүгээр сарын 15-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Зонт гурван өндрийн Хөх хоолойн эх гэгч газар Самбуу гэцлийн “хөрвөө хээр” удмын Хаянхярваагийн гэгч өнөр өтгөн айлын дээрээ 12 ахтай доороо нэг дүүтэй нэгэн одоогийн энэ буурал хурандаа. Тэр огт зүгээр суудаггүй хүн. Гавьяаныхаа амралтад гарсан ч гар хумхиад суугаагүйг хийж бүтээсэн нь нотолно. Харин тэрээр ааваараа бус том ах Цэгмидээрээ овоглодог.

Багийн дарга байсан том ах Цэгмид нь дүү Балдиртай нь сумынхаа сургуульд бүртгүүлэхдээ өөрөөрөө овоглоод бүртгүүлчихэж. Ц.Найдан гэж овоглодгийн учир ийм. 1954 онд сургуульд орж явсан хүү 1965 онд аравдугаар ангиа төгсөөд аймгийнхаа Өлзийт, Гурвансайхан суманд очиж. Тэнд хот руу тэмцээнд явж улсын шигшээ багийн тамирчин болох хүртлээ багшилсан гэж хүүрнэв. Тэр хоёр суманд багшилдаг нь ч бас учиртай. Тухайн үеийн аймгийн намын хороо, гүйцэтгэх захиргааны хоёр дарга түүнийг энэ жил аймгийнхаа нэрийн өмнөөс тэмцээнд оруулна гэснээс болсон хэрэг аж. Гэр бүлийн хувьд зургаан хүүхэдтэй өрхийн тэргүүн юм байна.

Ц.Найдангийн үр хүүхэд, ач зээ нар эднийх ийм л өнөр бүл.

Анхны хань нь Д.Махбариад гэж байж. Гэвч хүний амьдрал шулуун зам шиг дардан байна гэж юу байхав. Юу эс тохиолдох билээ. Харин дараа нь 1983 онд мөн анагаах ухааны сургуульд эмчээр суралцаж төгссөн Ц.Цэвээнбалжидтай амьдрал зохиож бас гурван хүүхэдтэй болжээ. Миний хань хөдөө 11 жил, хотод сүрьеэгийн диспансерт эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэж буурал хурандаа маань ярина лээ. Харин урлан бүтээх эрдмийг анх зэс хөөмөл хийх аргыг тухайн цагтаа Монгол Улсын төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гадаадын зочдод өгдөг гарын бэлгийг урладаг Оношир хэмээх уран хүнээр заалгаж байжээ.

Тэр хүнээр заалгаснаар хийсэн бүтээл нь Хэнтий аймгийн Хардэл бээс Пүрэвжавын “Элбэг хээр” гэдэг азарганы дүрсийг сонины зурагнаас харснаа буулган зэс хөөмлөөр товойлгон хийснээ өөртөө хадгалсан хамгийн гоё бүтээл хэмээн онцолж байна лээ. Мөн аливаа ромбо тэмдэг, юу ч байсан хийхийн тулд их бодож судалсны үндсэн дээр хийх гэсэн зүйлээ урладаг гэж байв. Зүгээр суух дургүй хэлэх үгтэй, хийсэн бүтээл арвинтай хурандаа маань одоо тэртээ 56 жилийн өмнө гараас нь цаг бэлгэнд нь авч байсан Ю.Цэдэнбал даргын 100 жилд зориулсан “Эрдэнийн алтан очир” хэмээх одонгийн загварыг гаргаад батлуулчихсан байгаа юм байна.

Тэрээр энэ одон тэмдгийн загварыг анх хийхдээ соёмбо оруулж хийжээ.Энэ ч бас учиртай. Зүгээр нэг төрийн туг далбаан дээр байдаг эд гээд сонгоогүй. Төрсөн нутгийнх нь хоёр их хүмүүн номч лам Зава Дамдин, зохиолч С.Буяннэмэх нар соёмбо сүлдийг төрийн далбаанд оруулах талаар саналаа өгч явсныг харгалзан үзэж оруулсан юм гэж ярив. Монгол ямар их байгалийн баялагтай орон бэ гэдгийг харуулахын тулд дандаа үнэт чулуу оруулсан. Түүнээс гадна дэлхийн таван тивд хаана ч гэсэн Монголын Чингис хаан гэж мэддэгийг билэгдэж таван зүг найман зохист цагаан өнгөтэй зэвийг дүрсэлсэн. Мөн эх орны маань тэнгэр цэлмэг байгаасай, нар нь алтан шаргал өнгөөр мандаж байгаасай хэмээн билэгдэж оруулсан даа гэв.

Харин яг одоо гарын уртай хурандаа маань Ш.Арвай дэслэгч генералын захиалга дээр ажиллаж байгаагаа ярилаа. Монгол Улсын 83 дахь хурандаа, цагдаа, хилийн цэрэгт хүчин зүтгэж биеийн тамир спортод нэрээ гаргаж одоо оюун ухаан, гарын ураа уран бүтээлдээ шингээж лого тэмдэг зохион бүтээсээр яваа “Гүйдэг” хэмээн алдаршсан Ц.Найдан аавынхаа хэлсэн “Хүнтэй битгий муудаж байгаарай, архи, тамхи хэрэглээд хэрэггүй. Хүүхдээ тэврээд явж байгаа эх хүн, таяг тулсан настай хүнийг зам нэг их мурийхгүй бол дөхүүлээд өгчихөж байгаарай. Буян болно шүү” хэмээснийг эгнэгт санаж бодож явдаг гэсэн.

Нэмээд хэлэхэд нутаг ус, аав ээж, насаараа ажилласан хоёр байгууллагын ачаар Ц.Найдан гэдэг хүн сайн сайхан явна түүнээс биш өөрийн сайндаа өдийг хүрсэн гэж боддоггүй эгэл даруухан нэгэн ажээ. Хурандаатай уулзсаны дараа өөрийн бодолтой, тэр нь үнэ цэнэтэй, үгүйлэгдэх юмтай амьдрал гэдэг хүнд хамгийн сайн сайхныг авчирдаг гэж эртний хэлсэн үг санаанд оров. Эцэст нь хэлэхэд Ц.Найдан шиг хамгийн хөдөлмөрч хүмүүс л цаг хугацааг эзэгнэдэг юм шүү гэсэн ухаарлын үгээр хөрөг нийтлэлээ өндөрлөв.

Монгол хурандаа тэмдэг.

Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан “Эрдэнийн алтан очир” тэмдэг.

 

2019.10.28 ДАВАА №213 (6180)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.