Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ оны аравдугаар сарын 3-нд хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тэрхүү өргөдөлд тэрээр "эрүүл мэндийн шалтгаан"-аар ажлаас чөлөөлөгдөх өгч байгаагаа мэдэгдсэн билээ.
Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэсэн юм.
Харин МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал саяхан болж, МҮОХ-ны ээлжит бус Гишүүдийн хурлыг 11 дүгээр сарын 28-ны өдөр “Чингис” зочид буудалд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны ээлжит бус Гишүүдийн хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү хурлаар МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн багийн ахлагч Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр жинхэлнэ гэв. Учир нь тэрээр одоо МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа.
Тэрээр Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Маркетингийн комиссын гишүүнээр дахин сонгогдоод байгаа. Ирээдүйд Монголоос ОУОХ-ны Удирдах зөвлөлд багтаж чадах цөөхөн хүний нэг нь Б.Баттүшиг гэж эх сурвалж мэдээллээ.