Исламын улс зэвсэгт бүлгийн толгойлогч Абу Бакр Аль Багдади Сирийн баруун хойд нутагт явуулсан Америкийн цэргийн ажиллагааны үеэр амиа егүүтгэсэн гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Трамп Цагаан ордноос хийсэн мэдэгдэлдээ Багдади Америкийн цэргүүдээс зугтаж байгаад хонгил руу орж, тэндээ хантаазтай тэсрэх бөмбөгөөр амиа золиосолж өөрийгөө дэлбэлсэн гэв.
Багдади нь Ирак, Сирийн бүс нутагт исламын эзэнт улс халифатыг байгуулахаар 2014 онд олон улсын анхаарлыг татаж эхэлсэн юм. АНУ-ын Засгийн газар халифатыг энэ оны эхэнд устгасан гэдгээ мэдэгдсэн ч Исламын улс зэвсэгт бүлгийн үйл ажиллагаа Сирийн хойд нутагт идэвхтэй хэвээр байжээ.
Тус бүлэглэлийн гол удирдагчаар нэрлэгдэж байсан Багдади амиа золиосолсон нь Сирийн хойд хилээс цэргээ татсанд шүүмжлүүлээд байсан Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд томоохон ялалт боллоо гэж эх сурвалжууд дурджээ. Трампын ярьснаар Багдади цэргүүдэд хөөгдөж байхдаа мэгшин уйлж, хашгирч байсан гэв.
Түүний гурван хүүхэд тэсрэх бөмбөгийг асаахад нь тусалж, дэлбэрэлтийн улмаас хонгил нурсан байна. АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн эсэн мэнд үлдсэн ба үнэрч нохдын нэг дэлбэрэлтэнд өртөж шархаджээ. Дэлбэрэлтээс болж Багдадийн бие цогцос танигдахын аргагүй олон хэсэгт хуваагдсан ч ДНХ-ын шинжилгээгээр мөн болохыг нь тогтоосон байна. Тусгай хүчнийхэн хоёр цагийн турш дэлбэрэлт болсон газарт ажиллаж нотлох баримтуудыг цуглуулжээ.
“Бусдыг айлган сүрдүүлж ирсэн алуурчин өөрөө амьдралынхаа сүүлчийн хормыг айдас, цочрол дунд үдсэн” гэж Трамп хэлсэн байна. Мөн “тэр өвчтэй, гажиг хүн байсан. Яг л хулчгар, нохой шиг үхлээ” гэжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайны мэдэгдсэнээр Багдадийн цогцсыг аль Кайда зэвсэгт бүлгийн удирдагч агсан Осама Бин Ладентай адил далайн усанд хаях юм байна.
АНУ-ын цэргийн тусгай ажиллагаа хэрхэн явагдав?
Өнгөрсөн хугацаанд олон мянган хүний амь насанд хүрч, дэлхийг айдаст автуулж байсан Исламын улс зэвсэгт бүлгийн удирдагч Багдадийг Сири-Иракийн хилийн орчимд нуугдаж байгаа гэж таамаглаж байсан ч Туркийн хилийн ойролцоох Идлиб мужийн Бариша тосгон дахь байршлыг нь илрүүлсэн байна.
АНУ хоёр долоо хоногийн турш Багдадийг хайж, хянаж 2-3 ч удаа явуулахаар төлөвлөсөн тусгай ажиллагааг цуцалжээ. Учир нь тэрээр байраа сэлгэсээр байсан аж. Багдади Идлиб мужид ирсэн нь зэвсэгт бүлгийг дахин цуглуулж, сэргээхээр төлөвлөсөн байж магадгүй хэмээн сэрдсэн байна. Түүний байгаа байрлал руу дайрахдаа Америкийн арми найман нисдэг тэрэг ашиглаж, төв хаалгаар дайрахаас зайлсхийж ханыг нэвтэлжээ.
Цэргийн тусгай ажиллагааны үеэр Багдадийг дагалддаг байсан этгээдүүд, хоёр эхнэр нь амиа алдсан байна. Хоёр эхнэр нь биедээ тэсрэх бөмбөг бүхий хантаазтай байсан ч дэлбэрээгүй ажээ. Харин түүний 11 хүүхэд бэртэж гэмтээгүй ба цэргүүд нуувчаас авч явжээ.
Курдын удирддаг Сирийн ардчилсан хүчин Исламын улс бүлгийн гол гишүүдийн байрлалын талаарх мэдээллийг хуваалцсан ба Иракийн албаныхан ч мөн мэдээлэл дамжуулжээ. Трамп мэдээлэл солилцсон эх сурвалжууд, агаарын орон зайд хяналт тавих, дайралт хийх боломжийг олгосон Оросын Засгийн газрыг сайшаан магтсан байна.
Ерөнхийлөгчийн мэдэгдэл хийсний дараа Цагаан ордон Трамп дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, аюулгүй албаны өндөр дээд албан тушаалтнуудын хамт Situation өрөөнд сууж цэргийн ажиллагааг ажиглаж буй зургуудыг дэлгэжээ.
Исламын улс бүлгийн удирдагч Аль Багдади гэж хэн бэ?
Абу Бакр Багдадийн жинхэнэ нэрийг Ибрахим Аввард Ибрахим аль Бадри гэдэг. Тэр дэлхийд хамгийн зартай зандалчин, хамгийн өндөр үнэтэйгээр эрэн сурвалжлагдаж байсан эрхэм юм.
1971 онд Иракийн нийслэл Багдадын хойд нутагт байдаг Самаррагийн орчимд төрж 2003 онд АНУ-ын цэргийн ажиллагаа эхлэх үед исламын сүмийн санваартай байжээ. Зарим шинжээчид түүнийг Саддам Хуссейны үед л жихадист байсан гэдэг. Олонх нь Багдадийг аль Кайдагийн удирдагчидтай хамт Букка лагерьт хоригдож байхдаа хэт даврагсадтай нэгдсэн гэж үздэг.
2010 онд Ирак дахь Аль Кайдагийн шүхэрт бүлгийн удирдагч байсан бол 2014 онд Мосул хотыг эзэлснээр нэр алдар нь түгсэн.Тухайн үед анх удаа олон нийтийн өмнө ил гарч Исламын улс найман сая хүнтэй, өөрийн гэсэн газар нутагтай хэмээн ярьж байсан юм.
2011 оноос АНУ-ын эрх баригчид түүнийг террорист этгээд гэж зарлан, баривчлах болон хороосон тохиолдолд 10 сая ам.долларын шан харамж амлаж байсан бол 2017 онд 25 сая ам.долларыг амласан байдаг юм.
Эх сурвалж: www.bbc.com