Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.
Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын салхийг хагална. Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдана. “Байгал” театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ. Тасалбарыг Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.