Эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн таван сарын турш газар авч буй Хонконг Хятадын тусгай бүс хэдий ч дэлхийн эдийн засаг, санхүүгийн төв юм. Сонирхолтой нь энд машинаа байрлуулах зогсоол эзэмших нь орон гэртэй болохоос ч илүү үнэтэй ажээ.
South China Morning Post хэвлэлд нийтэлснээр Хонконгийн бизнес эрхлэгч Жонни Чун 12 м кв буюу дөрвөн талдаа тус бүр гурван метр хэмжээтэй машины зогсоолоо нэрээ нууцалсан худалдан авагчид 969,000 ам.доллар буюу бараг сая ам.долларын үнээр заржээ. Уг зогсоол хотын төвд 79 давхар оффисын барилгад байдаг аж. Барилгад DBS банк, Robertsons Solicitors хуулийн фирм зэрэг томоохон компаниуд байрлан үйл ажиллагаа явуулдаг байна.
Хүн ам шигүү суурьшсан буюу 1,100 км кв хуурай газарт 7,5 сая иргэн амьдардаг Хонконгт сул зай талбай олдоно гэдэг маш ховор аз завшаан юм. 2018 онд тус хотын Kowloon тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын урд талбайн машины зогсоол 760,000 ам.долларт хүрч дэлхийн хамгийн үнэтэй автомашины зогсоол болж байсан удаатай.
Зөвхөн машины зогсоол үнэд ороод зогсохгүй оршин суугчдын амьдрах өртөг хамгийн өндөр хотоор нэрлэгдсэн байна. CBRE үл хөдлөх хөрөнгийн биржийн мэдээлснээр Хонконгт орон сууцны дундаж үнэ 1,2 сая ам.доллар байгаа нь Сингапур, Лондон, Нью-Йорк зэрэг өртөг ихтэй хотуудыг ардаа орхижээ.
Эх сурвалж: www.cnn.com