Салан тусгаарлах үзэл гаргасан хэргээр Хятадад хоригдож байгаа Уйгурын эрдэмтэнд Европын Парламентын хүний эрхийн дээд шагнал Сахаровыг олгохоор болжээ. Илхам Тохти нь Хятадын Засгийн газраас уйгуруудад чиглүүлж буй бодлогыг хурцаар шүүмжлэгч бөгөөд 2014 онд бүх насаараа хорих ял аван хоригдож байна.
Шинжаан мужид Хятадын эрх баригчдын байгуулсан хорих лагериудад сая гаруй Уйгур зэрэг жижиг овог аймгуудын оршин суугч хоригдож байгаа юм. Энэ жил 49 настай Тохти ял эдэлж байгаа ч Шинжаан дахь үндэстний хямралыг эсэргүүцсэнээр анхаарал татсан хэвээр ажээ. Тиймээс ирэх 12 дугаар сард Страсбургэд түүнийг эзгүй ч Сахаровын шагналыг гардуулах ёслол болох юм байна.
Европын Холбооны Парламент хоригдож буй эдийн засгийн ухаан эрдэмтэнд хүний эрхийн дээд шагнал олгосноор Хятад болон Уйгурын харилцааг дэмжих зорилготой хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Европын Парламентын Ерөнхийлөгч Дэвид Сассоли Хятадын эрх баригчдад хандан түүнийг нэн даруй суллахыг уриалсан байна.
Уг шагналыг Зөвлөлтийн үеийн физикч, тэрсүүд үзэлтэн гэгдэж байсан Андрей Сахаровын дурсгалд зориулж жил бүр Европын Парламентаас санаачлан дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж чадсан эрхмүүдийг сонгон олгодог юм. Энэ жилийн шагналд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальний, Бразилийн ижил хүйстнээ сонирхогчдын эрхийн төлөө тэмцэгч Жан Виллис, Кенийн оюутнуудын апп-ыг хөгжүүлэгч Дахин сэргээгчид бүлэг нэр дэвшжээ.
Эх сурвалж: www.bbc.com