Монгол улсын Засгийн газар өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нэгэн хачирхалтай мэдэгдэл хийсэн нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг бухимдахад хүргэснээр барахгүй "Хүний эрх зөрчсөн асууалд нь Хууль зүйн яамыг шүүмжлээд сууж байх ёстой ХЭҮК-ийн дарга хүн өнөөдөр Хууль зүйн яамыг магтаад сууж байх ёстой биш шүү дээ" гэж хэлэхэд хүргэв.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:
-Би нэг зүйлд их бахархаж байна. Хууль зүйн яамнаас манай тухай ийм их материал бүрдүүлсэн байгаа юм даа. Миний үед ийм байтугай нэг ч хуудас олддоггүй байсан. Гэтэл маш олон дүн шинжилгээ бүхий ийм материал болгон оруулж ирсэн байна. Үнэхээр л бахархмаар л юм билээ хэллээ.
Яагаад ингэж хэлсэн нь гишүүдийн анхаарлыг татаж, энэ талаар яриа гарахад хүргэжээ.
Учрыг ухваас ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж болон ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг нарын хуулийн хугацаа дуусаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ж.Бямбадорж тасралтгүй 9 жил, П.Оюунчимэг 12 жил энэ албан тушаалд сууцгааж байгаа юм. Ж.Бямбадоржийн хувьд ХЭҮК-ийн даргаар 2010 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. 2012-16 онуудад Ардчилсан нам эрх барьж байх үед ч энэхүү суудалдаа үлдэж чадсан нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нартай холбоотой гэж үздэг.
Монголын шоронд гэм зэмгүй хүмүүсийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн нь дүрс бичлэгээр ил болсноос хойш ХЭҮК гэж байгууллага байх хэрэгтэй юу, үгүй юу, Ж.Бямбадорж, П.Оюунчимэг нар юу хийж байна вэ гэдэг асуудлыг нийгэмд дэвшүүлэн тавихад хүргээд байгаа.
Суудал нь ганхаж эхэлсэн энэ өдрүүдэд Ж.Бямбадорж олон жил парламентад тохой залган суусан Ц.Нямдоржийгоо магтан, түүнийг эцсийн тулах цэгээ болгож байгаа нь аргаа барж байгаатай холбоотой гэж ярьж байгаа нь оргүй биш болов уу.