БНХАУ-ын Засгийн газар Гонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг солих төлөвлөгөө бэлтгэж байна гэж Financial Times сонин эх сурвалжаас авлаа хэмээн мэдээлжээ. Хэдийгээр өнөөгийн тэргүүн Кэрри Ламын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой байсан ч энэ төлөвлөгөөг БНХАУ-ын дарга Си Зиньпин зөвшөөрвөл гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр түүнийг солих бололтой. Гэхдээ энэ нь шинээр томилогдох хүн нь бүрэн эрхээ таван жил хэрэгжүүлнэ гэсэн баталгаа болохгүй.
Сонины эх сурвалжийн хэлснээр бол Гонконгийн засаг захиргааны шинэ удирдагчид Гонконгийн Төв банкны тэргүүн байсан Норман Чан, Гонконгийн засгийн газрын гол сайд байсан Генри Тан нарыг ярьж байгаа бололтой.
Financial Times сонинд бичсэнээр бол Хятадын засгийн газар Гонконгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад юуны түрүүнд Засаг захиргааны тэргүүнийг солих нь зөв шийдэл гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ энэ талаар Кэрри Ламын төлөөлөгчид болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гонконг, Макаог хариуцсан газраас ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Өнгөрөгч зургадугаар сард Гонконгийн эрх баригчид сэжигтэн, гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хууль хэлэлцэх гэснийг эсэргүүцэн олон нийтийн жагсаал өрнөж эхэлсэн. Эсэргүүцэгчдийнхээр бол энэ хуулийг баталбал хятадын бодлогод дургүй сөрөг хүчнийхнийг хоморголон Хятадын засгийн газарт шилжүүлэх болно гэнэ.
Кэрри Лам энэ хуулийг эргүүлэн татаж хэлэлцэхээ болилоо гэж мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн, залуучууд тэмцлээ үргэлжлүүлсээр зам талбайг хааж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийнхантай мөргөлдөж албан байгууллага хувийн хэвшлийн байшин барилгад халдсан. Энэ бүхэн Гонконгийн худалдаа, аялал жуулчлал, тээврийн салбарт нөлөөлж улмаар эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм.
Кэрри Лам ч энэ бүхэнтэй холбоотойгоор хэрвээ Бээжин зөвшөөрвөл албан тушаалаа өгөхөд бэлэн байна гэж есдүгээр сард мэдэгдсэн юм.