Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км/ үйл ажиллагаа явуулдаг “Хүннү тур” амралтын газар амарч байсан Баянзүрх дүүргийн иргэн 46 настай иргэн сураггүй алга болжээ. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр тус амралтаас гарч явсан бөгөөд энэ сарын 23-ны өдөр алга болсон дуудлагыг Төв аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтайгаар энэ сарын 24-ний 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг ажиллагааг түр зогсоожээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт 14 настай охин хүүхэд сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, ЗХ-ний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.
Өнөөдөр Төв болон Дархан-Уул аймагт сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжлэх юм.