Английн боомтын Эссекс хотод ачааны машины хөргүүр дотор хөлдөж амиа алдсан 39 хүний цогцос олдоод байгаа юм. Эдгээр цогцоснуудыг таниулахаар эхний хэсгийг хөргүүрээс гаргаж түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү авч явсан байна.
Их Британий цагдаа нар харамсалтайгаар амиа алдсан иргэд бүгд БНХАУ-аас ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Амиа алдсан 39 хүний найм нь эмэгтэй, үлдсэн 31 нь эрэгтэй хүмүүс байгааг эх сурвалж мэдээлэв. Албаны хүмүүс цогцос таниулах ажил багагүй цаг хугацаа шаардана гэдгийг анхааруулжээ.
Түүнчлэн ачааны хөргүүр Бельги улсад ирэх үед дотор нь байсан хүмүүс хэдий нь түгжигдэж, амиа алдсан байсан гэж үзсэн байна. Учир нь эдгээр цогцоснууд -25 хэмийн хүйтэнд багадаа 10 цаг байсан гэж таамаглажээ.
Хятадын элчин сайдын яамны ажилтнууд амиа алдсан хүмүүсийг улсынх нь иргэд мөн эсэхийг шалгахаар тусгай бие бүрэлдэхүүнээ хэргийн газар луу илгээсэн байна. Мөн Бельгийн Засгийн газарт хэргийн мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд явуулж өгөхийг хүссэн хүсэлтээ илгээжээ.
Бельгийн Зийбругге хотоос хөдөлсөн чиргүүл лхагва гарагийн шөнө 00:30 минутад Темза мөрний эрэг дээрх Пөрфлийт хотод ирсэн. Эндэхийн боомтоос 01:05 минутад хөдөлж Грэйсийн Вотерглэйд аж үйлдвэрийн паркад ирж зогсох үед буюу 30 минутын дараа түргэн тусламжийн ажилтан хөргүүртэй ачаанаас цогцоснуудыг олсон юм.
Умард Ирландаас ирсэн жолооч 25 настай Мо Робинсоныг хүн амины гэмт хэргийн сэжигтнээр татаж баривчилсан. Пүрэв гарагийн байдлаар сэжигтнийг хорьж саатуулсан хэвээр байгаа гэжээ.
Их Британи руу ийм аргаар чингэлэг, ачааны бүхээгт нуугдаж хууль бусаар хил даван цагаачлах явдал их гардаг. Энэ мэтчилэн золгүй тохиолдлоор амиа алдах нь бий ажээ.
Хөргүүрт хөлдөж амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж Лондон дахь Дотоод хэргийн яам, Белфаст дахь хотын захиргааны үүдэнд ард иргэд лаа асааж эмгэнэл илэрхийлж байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com