Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст саатуулагдан, шалгагдаж байсан кино найруулагч Г.Бадамрагчаа өнөөдөр лайв хийлээ. Тэрээр энэхүү хэрэгт шалгагдан, Ганц худагт гурван сар хоригдсон юм.
2012 оны тавдугаар сарын 07-нд эхэлсэн эл хэрэг хоёр оны нүүр үзсэн бөгөөд 2014 оны хоёрдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар хэргийг цагаатгажээ.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга байсан хурандаа Д.Цогтбаатар УЕПГ-ын Тамгын газрын даргаар хууль бусаар томилогдсон гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Кино найруулагч Г.Бадамрагчаа:
Тэрбээр “Өнгөрсөн явдлыг мартаад явж байхад намайг жинхэнэ эрүүдэн шүүж байсан нөхөр саяхан Прокурорын байгууллагын том албан тушаалтан болсон талаар мэдлээ.
Манай улс эрүүдэн шүүхтэй тэмцэнэ гэж байхад эрүүдэн шүүлт үзүүлж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга байсан хурандаа Д.Цогтбаатар ямар учраас том албан тушаалт томилдог юм бэ?
Энэ хүн өмнө нь ял эдэлж байсан. Прокурорын байгууллагад ял эдэлж байсан хүн ажиллах эрх байдаггүй” хэмээв.
Г.Бадамрагчаа 2016 онд цагаатгагдсаны дараа эрүүдэн шүүсэн хүмүүсийн асуудлаар шүүхэд хандсан байдаг. Тэр үед Д.Цогтбаатараар ахлуулсан хэд хэдэн залуучууд байсан ч ар гэртэй, олон жоохон хүүхэдтэй гээд тэдэнд хөнгөн хандаад өнгөрчээ. Тухайн үед шүүх хуралдааны үеэр Д.Цогтбаатар, Г.Бадамрагчаагаас уучлал гуйж “Тэр үед арай хэтрүүлсэн байлаа. Уучлаарай гэсэн” байдаг. Ингээд Д.Цогтбаатар шүүхээс гэм буруугүй мултарчээ.
Дараа нь Монгол улсын Ерөнхийлөгчид хандсан захидалдаа “Д.Цогтбаатар миний бие хэн нэгнийг буруутгаж, хариуцлага тооцуулах дахин ямар нэгэн албан тушаалд томилогдох сонирхол байхгүй бөгөөд зөвхөн гэр бүл, хоёр бяцхан хүүхдийнхээ хамт элэг бүтэн тайван амьдрах боломжийг хүсэж байгааг хүлээж авахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн байдаг.
“Д.Цогтбаатар гуай та хэлсэн ярьсандаа л бай л даа. Өмгөөлөгч нартаа уулзахад Прокурорын байгууллагад ял эдэлж байсан хүн ажиллаж болдоггүй юм байна ш дээ. Хууль зөрчин томилогдсон хүн хууль сахиулаад явж чадах юм уу. Мөрөөрөө бизнесээ хийгээд яв л даа. Хоёр багтай нөхрөөр буу тулгуулж, жирэмсэн эхнэрийг минь хүртэл хамруулан сэтгэл санаагаар дарамтлан эрүүдэн шүүхийг зааварчилж байсан хүн Прокурорын байгууллагад ажиллаж болж байгаа юм уу. Би энэ талаар холбогдох байгууллагад нь гомдол гаргана. Миний амьдралын тодорхой хугацааг үрчихсэн нөхөр хууль зөрчин албан тушаалд очиж байгаа нь надад утгагүй санагдаж байна” Г.Бадамрагчаа ярилаа.