Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилго бүхий судалгааг Хүний Эрхийн Үндэсний Комисс/ХЭҮК/ НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Тэргэнцэртэй иргэдийн холбоонд захиалж хийлгэжээ.
Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэй хамруулснаас судалгаанд оролцогчдын 16 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг эмч, мэргэжилтнүүдээс, 84 хувь нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд, интернэт, мэдээллийн хэрэгсэл зэрэг эх сурвалжаас авч байна.
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд үнэн зөв мэдээллээр хангагдаж чадахгүй байгааг харуулж байгаа төдийгүй, эрүүл мэндийн болон хүний эрхийн боловсрол олгох, мэдлэг ойлголт өгөх үнэн зөв мэдээллийг хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх шаардлагатай байгааг ХЭҮК-ын илтгэлд дурджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд өөрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх явдал түгээмэл байдаг ажээ.
Эдгээр саад бэрхшээл нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн буруу ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй.
Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, хүчирхийллээс ангид байх, найдвартай, аюулгүй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг ажээ. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл 3 дахин өндөр байна.