Монгол улс "Саарал жагсаалт"-д орсон нь ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд ажлаа хийж чадаагүйтэй шууд холбоотой гэж АН үзэж байна. Тиймээс холбогдох хүмүүст хариуцлага тооцох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Монгол улсад БНАСАУ-ын 1500 орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд ФАТФ Хойд солонгосын иргэд авсан цалингаа улс руугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзжээ. Тиймээс "Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх" гэх ФАТФ-ын хоригийг зөрчсөн гэх үндэслэл болсон байна.
Мөн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, шүүхээр шийдсэн нь хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн, бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин ийм гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх талаар хангалтгүй ажилласан гэж үзжээ.
Гэтэл "ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлаа хийж чадаагүй буруугаа бусдад тохож, "Саарал жагсаал"-д орсон нь АН-ын буруу мэт ярьж байгаад харамсаж байна" гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.
Мөн зөвхөн Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд хариуцлага тооцсон болоод өнгөрч байгаа нь туйлын хариуцлагагүй явдал гэж үзэж байна.
Монгол улс Саарал жагсаалтад орсноор Рио Тинто буюу Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгааг "Австралийн санхүүгийн тойм"-оор мэдээлжээ. Иймд СЗХ, Монгол банкны захирал болон Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд нарыг огцруулахыг шаардаж байгаагаа АН мэдэгдлээ.