Өмгөөлөгч Ч.Энхээ Баянзүрх дүүргийн прокурор, цагдаа нарын хууль завхруулж буй үйлдлийн талаар өнөөдөр "Монголньюс"-ийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Жуковын музейн хойно байрлах 8 дугаартай ОХУ-ын Төрийн өмчийн байрыг "Монголд өмчлүүлнэ" гэсэн сургаар энэ оны эхээр эзэнтэй болон хоосон байсан таван орон сууцанд Монгол улсын иргэд хууль бусаар нэвтрэн орж амьдарч эхэлсэн байна.
Уг байрыг ОХУ-ын Хилийн чанад дахь төрийн өмчийн удирдах улсын үйлдвэрийн газар хариуцдаг бөгөөд 2019 оны хоёрдугаар сараас хойш хууль бусаар нэвтрэн орсон айлуудыг хөөн гаргахаар шаардлага тавихад ажилчдыг нь зодсоноор барахгүй хутга гарган айлган сүрдүүлсэн байна.
Тус үйлдвэрийн газар дээрх таван орон сууцанд амьдрах хууль ёсны эзэмшигч нартай энэ оны хоёрдугаар сараас наймдугаар сар хүртэл гэрээ байгуулжээ. Албан ёсны гэрээтэй айлуудаас хоёр нь орон сууцандаа орсон бол гурав нь өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй байгаа тул өмгөөлөгч Ч. Энхээд хандсан аж.
Ингээд өмгөөлөгч хууль бусаар амьдарч байгаа иргэдийг байраа чөлөөлж өгөхийг хүсэхэд зодож, танхайран, хутга шөвөг барьж дайрсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад мэдүүлэхэд жирийн маргаан гэж үзэн, үйл ойшоосон байна. Мөн Баянзүрх дүүргийн прокурор н.Сувданчимэгт гомдол гаргахад "Хутга барьж дайрсан асуудал нь маргаан тул хэрэг үүсгэхгүй" гэж үзжээ.
Энэ хооронд хууль бусаар амьдардаг Алтанцэцэг гэх эмэгтэй ГХЯ-нд ханджээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Битгий амьдарч байгаа айлд халд. Шүүхээр асуудлаа шийд" гэж зөвлөсөн байна. ГХЯ иргэд хоорондын маргааныг шүүх, цагдаагийн байгууллагаар асуудлаа шийд гэх ёстой байтал хууль тайлбарлаад ингэ, тэг гэж хэлж болохгүй шүү дээ гэж өмгөөлөгч Ч.Энхээ мэдэгдлээ.
Мөн ОХУ-ын Хилийн чанад дахь төрийн өмчийн удирдах улсын үйлдвэрийн газар 2006 оноос хойш Иргэний шүүхэд нийт 15 удаа хандахад нэг л хэргийг шийдэж өгчээ. Монголын хууль хяналтын байгууллага эрх үүргийнхээ хүрээнд ажиллахгүй, хууль ёсны өмчлөлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллахгүй байна гэлээ.