Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хилчин" хотхоны 170 өрхийн 800 орчим иргэн төвийн инженерийн шугамд холбогдож чадахгүй зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Тус хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох 5 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерт "Монгол дайвин" гэж компани шалгарч, 2013 оны 12 сараас эхлэн ажиллаж эхэлсэн боловч, одоо болтол ажлаа хийлгүй, "зураг төсөл буруу байсан" гэхчлэн олон төрлийн шалтаг тоочин иргэдийг зутрааж байна. Үүнтэй холбогдуулж, Өргөдлийн байнгын хорооноос хоёр дахь удаагаа хэлэлцүүлэг зохион байгуулсан ба хэлэлцүүлгээс "Тус компаниар ажлыг нь яаралтай, чанартай дуусгуулах" санал, зөвлөмж гарчээ.
Харин иргэдийн хувьд, "Монгол дайвин компани шугам сүлжээ барина гэж зургаан жил удаж байгаагаас гадна ухсан жорлон маань дүүрээд байна. Ухсан нүхийг нь бөглөж болдоггүй. Мод бут тарьж болдоггүй. Ийм байдалтай, хэцүүхэн байна" хэмээн ярьж байна.