Английн Эссекс хотод олдсон хөлдөөгч чиргүүл дотор амиа алдсан 39 хүний цогцсыг таниулах ажлыг эхлүүлсэн тухай Их Британийн цагдаагийн газраас мэдээлжээ. Ачааны машин Бельгийн Зийбругге хотоос Темза мөрний эрэг дээрх Парфлийт сууринд ирж зогссон байна.
Зогсоод удалгүй цагийн дараа хөлдөөгч чиргүүлээс түргэн тусламжийн ажилтнууд олон арван хүний цогцос олжээ. Ачааны машиныг Умард Ирландаас ирсэн 25 настай Мо Робинсон жолоодож байсныг цагдаа нар илрүүлж баривчилсан байна. Амиа алдсан 39 хүний 38 нь насанд хүрсэн, нэг нь өсвөр насны хүүхэд байна гэжээ.
Эдгээр хохирогчид хууль бусаар Их Британид цагаачлан ирэх зорилготой байсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Эссекс хот нь Лондоныг Умард тэнгистэй холбож байрладаг.
Ачааны машины толгой Бельгиэс ирсэн чиргүүлийг дөнгөж зүүгээд удаагүй түргэн тусламжийн ажилтнууд цогцоснуудыг илрүүлсэн. Уг хэргийн ард хүний наймааны асар том сүлжээ гэмт хэргийн бүлэглэл байж болзошгүй гэж үзсэн. Умард Ирландаас ирж хөлдөөгч чиргүүлийг зүүсэн сэжигтэн Робинсон үүн дотор юу байгааг мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй юм.
Машины чиргүүл Болгар улсад бүртгэлтэй байгаа тул Болгар улсын цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгах ажилд хамтрахаа мэдэгдсэн байна.
Их Британийн цагдаагийн газар уг хэргийг ойрын 20 жилийн хугацаанд гараагүй аймшигт хүн амины, аллагын гэмт хэрэг гэж үзэж байна. Хөргүүр дэх температур -25 хэм болон түүнээс доош байсан тохиолдолд хүн амь насаа алдах хэмжээнд хүрдэг байна.
Хууль бус цагаачид ачааны чиргүүлд нуугдан хил давах тохиолдол олон ба азгүй тохиолдлоор амиа алдаж байсан тохиолдлууд ч цөөнгүй.
Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com