Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулжээ.
Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.
Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол:
Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.
Мөн эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлснийг Д.Оюунхорол гишүүн илтгэлдээ дурдлаа.
Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан үг хэлж, дэлхийн олон улс орон шашны өдөртэй байдаг. Энэ өдрийг энх тайван, эв санааны өдөр, ёс суртахуунаа дээдлэх өдөр болгож тэмдэглэгдэг уламжлалтай юм байна. Тиймээс бурхны шашинтан гэгддэг монголчууд ийм нэг өдөртэй болж, Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, өнчин ядууст туслах, бясалгал хийх, байгаль орчноо хамгаалах зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байх нь зүйтэй юм гэж үзсэний үндсэн дээр төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Мөн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдсон зарим мэдээллийг гишүүдэд өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 364 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 134 нь буддын шашны сүм хийд агаад статистикийн байгууллагаас өнгөрсөн оны дундуур гаргасан судалгаагаар нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн дүн гарчээ.
Мөн манай улсад 8 өдрийн баяр буюу нийтдээ 14 хоног бүх нийтээрээ амардаг нь бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Байнгын хорооны хуралдаанд Гандантэгчинлэн хийлийн хамба лам Д.Чойжамц, Тамгын лам С.Даваапүрэв нар оролцсон юм.