Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гэр хорооллын өрхөд цахилгаан Эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг ч баталсан. Тэгвэл уг журмыг энэ жил хэрэгжүүлэх эсэх тогтоолыг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаагүй байна.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн лавлах утас руу шөнийн тариф хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар асуухад “ЭХЗХ-ноос хэрэгжүүлэх тогтоол ирээгүй байгаа. Өнгөрсөн онуудад арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл айл өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг чөлөөлдөг байсан” гэв.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд өгсөн яриандаа “Өнгөрсөн онуудад мөрдөгдөж байсан хөнгөлөлт хэвээрээ” гэх хариулт хэлсэн.
Тэгтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифын хөнгөлөлтийн тогтоолыг өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 203 дугаар тогтоолоор “Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид 700 кВт.ц, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид 1500 кВт.ц байна. Энэ хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлнө” гэж тогтоосон.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 135 мянган айл энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсанаас 120 мянга нь нийслэл хотод, 15 мянга орчим нь аймаг, орон нутагт байжээ.