Цаг бусаар нөхрөө алдсан иргэн Б.Болороо өнөөдөр /2019.10.23/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон нэгэн билээ.
Б.Болороо “Эн тэргүүнд өмгөөлөгчдөдөө мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хурал хийж байгаадаа өмгөөлөгчдөөсөө хүлцэл өчье. Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй бөгөөд "Хишиг арвин" ХХК-ийн эзэмшлийн байрны лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон.
Болсон хэрэг явдалтай холбоотойгоор нөхрийг минь буруутгаж байгаа шалтгаан нь ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан.
Шүүх шинжилгээний хариу нь ч 2.4 поромилл буюу өөрийгөө хянах чадваргүй болтол архи уусан гэж гарсан байна. Бас задлангийн шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн үеийн бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унасан бичлэг байсаар байтал биднээс нуусан. Ийм бичлэг байсныг наймдугаар сарын 17-нд буюу бүтэн сар гаруйн дараа л мэдсэн. Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Ээлжийн ахлагч Бадамдорж гэж хүн миний нөхрийн гар утсыг олон хоног ашигласан. Миний нөхөр хоёр гар утастай явдаг. Нэг утас нь өөрт нь, нэг самсунг-ийн утас нь ажил дээрээ байсныг ээлжийн ахлагч нь олон хоног ашигласан нь анхаарал татаж байна. Ямар зорилгоор ашиглав?
Миний нөхрийн алга болсноос хойш 19 хоногийн дараа цахилгаан шатны нүх рүү унасныг олсон. Зуны халуунд өтөж, ялзарсан цогцосноос согтолтын зэрэг өндөр гэж дүгнэлт гаргасан.
Осол гарах үед цахилгаан тасарсан байсан гэж компаниас мэдээлсэн. Бид итгээд явж байтал ослын үеийн камерийн бичлэг байсан нь илэрч, цахилгаан тасраагүй нь тодорхой болсон.
Хамгийн ноцтой зүйлийг бид өчигдөрхөн мэдэж авлаа. Байгууллагын харуул, хамгаалалтын ээлжийн ажилтны тайлан тэмдэглэл бичиж үлдээдэг. Тэр тэмдэглэлд миний нөхрийн нас барахаас өмнөх хэдэн өдрийн тэмдэглэл нь байхгүй. Байсныг цагдаа хэргийн баримтууд дундаас авсан уу, мэдэхгүй. Гэхдээ цагдаа компани хоёр холбоотой ажиллаад байгаа нь баримтуудаас харагдаж байгаа юм.
Миний нөхрийн амиа алдсан шалтгааныг тогтоох энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс татаж, Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж өгөөч гэж ЦЕГ-ын дарга С.Баатаржав танаас хүсэж байна гэв.
Иргэн Б.Болороо цагдаагийн байгууллага нөхрийнх нь ажиллаж байсан компанийн талд ажиллаж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх, нөхрөө архичин биш гэдгийг нотлохын төлөө эцсээ хүртэл явна гэдгээ илэрхийлэв.