Гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үзэв. 2019 оны 10 дугаар сарын байдлаар манай улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаад байна.
Мөн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж байгаа Макаогийн иргэн байхгүй. 2018 онд Макаогаас 127 иргэн, Монгол Улсаас 175 иргэн харилцан зорчжээ гэж мэдээллээ.